Судан улсад түр томилолтоор ажиллаж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сангийн ажилтан С.Мойлтмаа зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгаас аюулгүй гарч, эсэн мэнд эх орондоо эргэн ирлээ.
Түүнийг өнөөдөр өглөө "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд гэр бүлийнхэн нь болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар угтан авсан байна.
Мөн НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газраас зэвсэгт мөргөлдөөний халуун цэгээс аюулгүй газарт шилжүүлэхэд болон бусад талаар дэмжлэг үзүүлсэн НҮБ, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Батлан хамгаалах яаманд цахим хуудсаараа дамжуулан талархлаа илэрхийлжээ.
Судан улсын хоёр генерал эрх мэдлийн төлөө дөрөвдүгээр сарын дунд үеэс тулалдаж эхэлсэн. Улмаар нисэх онгоцны буудлаа бөмбөгдсөнөөр улс орнууд иргэдээ татан авахад хүндрэлтэй байв. Харин НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд Судан улсад гацсан хоёр монгол иргэнийг аюулгүй бүс буюу Порт Судад дөрөвдүгээр сарын 25-нд хүргэсэн юм.