НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяраас тодрууллаа.
Тэрбээр "…Өнөөдөр боловсролын салбарын асуудлыг салбарын сайд нь НИТХ дээр ирж ярьж байна. Салбарын сайдын мэдээлэлтэй санал нийлэх ч юм зөндөө байна. Нийлэхгүй ч юм зөндөө байна. Санал нийлэхгүй байгаа зүйлсээ хэлье.
"БАГШИЙН ДУТАГДАЛД ОРООГҮЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ"
Нэгдүгээрт Л.Энх-Амгалан сайд Монгол улс багшийн дутагдалд ороогүй гэж ярилаа. Гэтэл бодит амьдрал дээр багшийн дутагдал маш том асуудал болчхоод байна. Ялангуяа, байгалийн ухааны чиглэлийн хичээл заах багш алга. Ганцхан жишээ хэлье. 2001 онд МУБИС-ийн математикийн багшийн ангийг 56 хүүхэд төгссөн байдаг юм. Гэтэл тэднээс 8 нь л математикийн багшаар ажиллаж байх жишээтэй. Өнөөдөр багш нар гадаадад ажиллахаар Солонгосын элчин сайдын яамны гадна дугаарлаж байна шүү дээ. Гэтэл сайд нь ийм юм ярьж байгаад харамсаж байна.
"АХЛАХ СУРГУУЛИУДЫГ ТӨРӨЛЖҮҮЛЖ, ХҮҮХДИЙГ АМЬДРАЛД, МЭРГЭЖИЛД НЬ ЭРТНЭЭС БЭЛТГЭДЭГ БОЛМООР БАЙНА"
Хоёрдугаарт, манай улсад их сургууль, ахлах сургуулийн холбоосыг харсан бодлого орхигдож байна. Боловсролын үр дүн ахлах ангид илүүтэй мэдрэгддэг шүү дээ. "Амьдралд хүүхдээ хэр бэлдэж байгаа вэ" гэж асуухад хангалтгүй байна шүү дээ. Багш нар маш чадвар муутай байна гэж сайд нь хэлж байна. Гэхдээ сэтгэлээрээ ажиллаж байгаа олон мянган багш байгааг бид мартаж болохгүй. Шууд үгүйсгэж болохгүй. Боловсролын шинэчлэл ахлах сургуулиудыг төрөлжүүлэхээс эхлэх ёстой. Суурь боловсролоос ахлах сургуулиа салгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 1-12 дугаар анги хүртлээ нэг сургуульд сурах шаардлагагүй. Төрөлжсөн ахлах сургууль руу ороод явах боломжийг олгож өгөх ёстой. Жишээлбэл, хөдөө аж ахуйн ахлах сургууль, IT чиглэлийн ахлах сургууль руугаа оръё гэх мэтээр өрсөлдөөнийг бий болгосон систем хэрэгтэй.
Гуравдугаарт, хамран сургах тойрог дотроо багшийг сэлгэн ажиллуулах тогтолцоог бий болгох ёстой. Нэг багшийг нэг ажлын байранд нь насаар нь "хадаж" байгаагаас шалтгаалж, олон сөрөг зүйлүүд үүсдэг. Багшийн хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг.
"ЯАМНЫ БҮТЦИЙГ ДАНХАЙЛГАХЫН ОРОНД БАГШИЙН ХӨГЖИЛД, СУРЛАГЫН ЧАНАРТ АНХААР"
Боловсролын Ерөнхий хуулиа салбарынхандаа бүрэн танилцуулж чадсангүй. Бид багшийн дутагдал, ур чадвар, төгсөж байгаа төгсөгчдийн ур чадварт илүү анхаарах явдал байх ёстой. Мөн боловсролын яам өөрийгөө данхайлгаж, доороо агентлагтай болох юм байна. Тэр агентлагийнх нь ажил нь Нийслэлийн боловсролын газартайгаа яаж уялдах юм гээд ерөөсөө ойлгомжгүй болчхоод байгаа юм. Ер нь агентлаг байх ямар шаардлага байсан юм бэ гэдэг асуудал гарч ирж байна.
Өнөөдөр төр өөрөө ялгагч болоод хувирчихлаа. Салбарын сайд нь зарим сургууль 10 саяын нөхөн хангалтын зардал авч байхад зарим нь 170 саяыг авч байна гээд ярьж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сумын жижиг сургуулиуд бүр ядуурна гэсэн үг. Гэтэл сургалтын орчны хувьд бүх сургууль л адилхан зүйлс шаардана шүү дээ. Хүүхэд олонтой сургуулиуд нь зардлаа ихээр аваад, багатай сургууль нь бага зардал аваад явна. Энэ ялгааг бид арилгахгүй бол болохгүй ээ.
"БОСГО ОНООГ БУУРУУЛСАН НЬ МАШ ТОМ АЛДАА"
Багш чадавхжуулах асуудал нэн чухал байна. Өнөөдөр 5 мэргэжил дээр босго оноо нь 430 байна гээд хүлээн зөвшөөрчихсөн. Математикийн хичээл дээр 500 оноо авсан хүүхдийг судлаад үзэхэд гүйцэтгэл нь ердөө 23 хувьтай байгаа юм. 80 хувийг нь буруу хийчихсэн хүүхэд 500 оноо авч байгаа байхгүй юу. 430 оноо гэдэг бол нүдээ аниад, тестийнхээ зөвхөн А хувилбарыг бөглөөд явахад л авчих оноо. 400 оноо нь бэлгийн оноо байгаа юм. Энэ байдлыг бид таслан зогсоох ёстой. Харин бид үүн дээр ямар бодлого барих ёстой вэ гэвэл, багшаар элсэх хүүхэд бага байна, хэцүү байна гээд байгаа юм бол монгол улсад хамгийн сайн сурч төгсөж байгаа хүүхдүүдийг хөрвүүлэх сургалтын 45 хоногийн сургалтад л өгчихье л дөө. Зуны гурван сард багш болгох арга барилын сургалтад хамруулчихъя. Тэр хөрвүүлэх сургалт нь үнэ төлбөргүй байя. Анхнаасаа өндөр оноотой, чадварлаг хүүхдүүдийг л багш болгоё. Харамсалтай нь өнөөдөр хөрвүүлэх сургалтыг МУБИС дээр 2-оос дээш жил хийж байна шүү дээ. Дээр нь нэмээд хоёр сая төгрөгийн төлбөр нэхэж байна. Ингэвэл багш болох хүн олдохгүй. 56 хүн төгсөхөд 8 нь л багшаар ажиллаж байна. Ийм л байдалтай байна. Таваас дээш жил ажиллаад ирэхээрээ багшийн тоо эрс буурч байгаа юм. Таван жил ажиллачхаад өөр салбар руу орчхоод байна гэсэн үг. Багшийг тогтоох тал дээр нь ямар бодлого барих юм бэ гэдэг чухал.
"БАГШ НАРТ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭЛТ ЁСТОЙ"
Манай улс 51 мянган багштай. 51 мянган багш болон эмнэлгийн ажилтнуудаа тэжээх асуудлуудаа нэг бодлогоор авч явах ёстой. Энэ хүмүүсээ тэжээж чадахгүй юм бол бид татвар аваад яах юм. Нийгмийн даатгалын бодлогыг ч өөрчлөх ёстой. Багшилж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын хөнгөлөлтийг нь үзүүлээд явж байх хэрэгтэй. Тэтгэвэрт гарсан багш нарын нийгмийн даатгалыг нь бүрэн чөлөөлж, гар дээр авах мөнгийг нь нэмэгдүүлэх ёстой. Багш нарын цалинг нэмэгдүүлэх бүрэн боломжтой шүү дээ" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.