НИТХ-ын хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар оролцож төлөөлөгчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга тодорхой асуудлуудыг хөндөн тавьсан юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.
"ЗАСГИЙН ГАЗАР НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ МЭДЭЛД ХАЛДАЖ БАЙНА"
Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 404 дүгээр тогтоолоор ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааг зардлаар нь дамжуулж хязгаарласан юм. Жишээлбэл, сумын ИТХ-ын төлөөлөгч нь жилд 1 сая төгрөгөөр л иргэдтэйгээ ажиллах ажил хийж болно гэж заасан. Мөн Төрийн хэмнэлтийн хуультай холбоотойгоор 2022 оноос эхлээд төлөөлөгчид урамшуулалгүй болсон. Үүнийг Засгийн газрын гишүүдээс тодруулмаар байгаа юм. ИТХ гэдэг бол Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллага. Гэтэл яагаад Засгийн газар нь нутгийн өөрөө удирдах байгууллагадаа халдаад, байж болохгүй шийдвэр гаргаад яваад байгаа юм. Энэ яг юу болох гээд байгаа юм. Засгийн газар нь яах гээд байгаа юм. Энэ улсын нэг удирдлагатай болгох гээд байгаа юм уу? Иргэдийн төлөөлөл гэдэг институт тэгээд яах юм? Энэ чинь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл биш үү гэж асууж байгаа юм.
"ЯГ ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, ТҮГЖРЭЛИЙГ ЯАЖ БУУРУУЛСНАА БОДИТООР ТАЙЛАГНА"
Мөн түгжрэл болон Боловсролын асуудал бол Нийслэлд тулгамдсан гол хоёр асуудал. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн дарга нь өөртөө зээл авчихсан мөртлөө одоог хүртэл ажлаа хийгээд байна. Үүн дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Хот хариуцсан сайд хамгийн сүүлд мэдээлэл хийхдээ миний ажлын 80 хувь нь харагдахгүй байна гэсэн. Тиймээс иргэд сайдаас "Нүдэнд харагдахгүй байгаа 80 хувийн ажлаа тайлбарлаж өгөөч" гэж шаардаж байна. Ярих нэг хэрэг. Үйлдэл хийх хэрэгтэй. Хэдэн төгрөгийн өртөг бүхий ямар ямар ажил хийсний үр дүнд түгжрэл яаж буурав гэдгээ ил тод мэдээлэх ёстой.
"ТӨРИЙН АЖИЛД УЯЛДАА ХОЛБОО, ЗАЛГАМЖ БАЙХГҮЙГЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ҮРГҮЙ УРСГАЖ БАЙНА"
Өнгөрсөн 30 жилд эрх барих түвшинд явж ирсэн арга барилыг шүүмжилбэл нэг нам нь гарч ирээд өмнөх ажлаа нураадаг жишиг тогтсон байна. Үргэлжлүүлээд хийсэн ганц ч ажил алга. Асуудлын гол нь энэ намын ажлыг тэр нам унагалаа гэдэгтээ биш юм. Жишээ дурдахад, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд зургаан дэд төв байгуулахаар болж, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Гэтэл энэ ажил өнөөдөр дорвитой урагшлахгүй байна. 2023 оны Нийслэлийн төсөвт л гэхэд гэр хорооллын дэд бүтцэд зориулж гуравхан тэрбум төгрөг хуваарилсан. Гурван тэрбум төгрөг гэдэг нэг цэцэрлэгийн барилгад хүрэхгүй шүү дээ. Ажлын уялдаа холбоо нь ийм л байна.
Улаанбаатар хотыг метротой болно, тусгай замын автобустай болгоно гэх мэтээр ярьж байгаад л өөрчилчихдөг. Дүүжин тээвэртэй болгоно гэж баахан яриад жил бүр 500 сая төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргаж ирлээ. Энэ ажлаа хийхгүй юм бол үрэлгэн зардал гаргахаа боль, зогсоо гэж шаардсан. Гэтэл дүүжин тээвэр бол Франц, Монголын Засгийн газар хоорондын асуудал гээд дахиад оруулж ирэх гэж байна. Энэ мэт маш олон асуудал байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.