БНХАУ-д таван залуу хүн тутмын нэг нь ажилгүй байна. Хятадын залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин ийн өсөхийн хэрээр тус улсын хамгийн баян муж гэгдэх Гуандун 300,000 ажил хайж байгаа, хөдөлмөр эрхлэхгүй байгаа залуу хүмүүсийг 2-3 жилийн хугацаатай хөдөө орон нутаг руу явуулж, ажил олж хийх тухай санал гаргажээ.
Хонконгтой зэргэлдээ орших үйлдвэрлэлийн хүчирхэг төв болох Гуандун өнгөрсөн сард коллеж төгсөгчид болон залуу бизнес эрхлэгчдийг тосгонд ажил хайж олоход нь тусална гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн орон нутгийн залуусыг орон нутагтаа эргэн ирж, тэндээ ажил эрхлэхийг уриалсан байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин "хөдөөгийн эдийн засгийг сэргээхийн төлөө" хотын залуучуудыг хөдөө орон нутагт ажил хайхыг уриалсны дараахан уг санал гарсан байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан багагүй дэгдээсэн уг “Гуандун мужийн төлөвлөгөө” нь 16-24 настнуудын дундах ажилгүйдлийн түвшин 19.6 хувьд хүрч, түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр ажилгүйдлийн түвшин нүүрлэсэн үед тохиож байна. Энэ нь Хятадын хот суурин газар дахь 11 сая гаруй залуучууд ажилгүй байгаа гэсэн үг юм байна.
SOURCE: CNN