Улстөрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хамтатган хэлэлцэхээр болсон. Тэгвэл энэ хоёр хуулийг өөрчлөөд зогсох бус, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөж эхлээд байна. Гол асуудал нь УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, парламент 152 гишүүнтэй байх асуудлыг ярьж байна. Ерөнхийдөө гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн ч тоо нь яг хэд байх тухайд саналаа нэгтгэж амжаагүй байна.
ЭРХ БАРИГЧ НАМ БУСАД НАМУУДЫН ДЭМЖЛЭГИЙГ АВАХААР ХАРЗНАЖ БАЙНА
Эрх баригч намынхан 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуулийн төслөө УИХ-д өргөн бариад буй. Жижиг намуудын саналыг гээхгүйн тулд, парламентад олонхийн төлөөллийг оруулж ирэхийн тулд холимог тогтолцоогоор сонгуулиа явуулъя хэмээн шийдсэн гэж тайлбарлаж байна. Эхэндээ 38 гишүүнийг тойргоос сонгож, 38 гишүүнийг жагсаалтаар оруулж ирнэ гэж байсан ч энэ харьцаа 76:76 болохоор тооцоотой байна. Учир нь, гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх сонирхол эрх баригчдад байна. Энэ сонирхлоо ч улстөрийн бусад намуудаар дэмжүүлэхээр харзнасан байдалтай байна. Энэ талаар өчигдөр /2023.05.01/ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “Гишүүдийн тоог багасгах талаар ярьж байгаа асуудлууд бий. Үүнийг хэлэлцүүлгийг явцад ярилцах боломжтой гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зургаадугаар сарын 20-ны дотор багтааж хэлэлцэн батлахаар төлөвлөж байна” гэсэн юм. УИХ дахь МАН-ын бүлэг ҮХНӨ-ийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаад байгаа юм.
Л.ГАНТӨМӨР: БИД МАН-ТАЙ НИЙЛЖ ХУЙВАЛДААД БАЙГАА ЮМ БИШ
Ардчилсан намын тухайд ч гишүүдийн тоог нэмэгдүүлэх сонирхолтой байна. Харин МАН-аас ялгаатай санал нь нийт гишүүдийн 60 хувийг тойргоос сонгож, 40 хувийг намын жагсаалтаар оруулж ирэх нь зүйтэй гэж тус намын бүлэг байр сууриа илэрхийлээд байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 5 багц сэдвийн хүрээнд 18 саналыг гарган УИХ-д хүргүүлсэн байна. АН-ын дарга Л.Гантөмөр “Бид өнөөдөр эрх баригч намтай гэнэтхэн хуйвалдаад Үндсэн хуулийг өөрчлөөд гээд зүйл байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өмнө нь ч ярьж байсан. Гишүүдийн тоог өөрчилье гээд эрт хэлэлцэж байсан. 2019 онд Парламент 99 гишүүнтэй байх санал гарсан байдаг. Өнөөдөр Монгол улсын Парламентын засаглалтай гэх мөртлөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын засаглал бий болчихсон байна. Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх ёстой” гэлээ.
ХҮН НАМЫН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: УИХ ХӨГЖИЛ ЯРИХЫН ТУЛД 152 ГИШҮҮНТЭЙ БАЙХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг манай нам дэмжиж байгаа. Бид энэ асуудлаар 21 аймгийн иргэдтэйгээ уулзаж мэдээлэл хүргэсэн. Сүүлийн 30 жилд эдийн засаг 14 дахин өссөн бол, төсвийн зардал 55 дахин нэмэгдсэн. Одоо бид том суурь өөрчлөлт хийж, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Парламентын гишүүд нь хулгай хийдэггүй, хөгжлийн асуудал ярьдаг байхын тулд гишүүдийн тоо 152 байх ёстой. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналаа УИХ-д хүргүүлсэн. Манай улс маш том өөрчлөлтийн ирмэгт ирсэн байна. Авлига, ядуурал, эдийн засгийн доройтлыг арилгахын тулд Үндсэн хуулиа нэмж өөрчлөх хэрэгтэй. Үүнд орох нэг гол өөрчлөлт нь гишүүдийн тоо. Их хурал цөөн гишүүнтэй байх тусмаа 1 гишүүнээс хамаарсан шийдвэр гаргалтын хувь хэмжээ өндөр болж ирдэг. Цөөн хэдэн гишүүн хуйвалдаж, хулгай луйвар, хүссэн бүхнээ хийж байна. Тиймээс бид өөрчлөх ёстой.