Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал “Улаанбаатар” чуулгад 11 дэх өдрөө үргэлжилж байна. 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн өнөөдрийн хуралдаанаар “Бэрэн групп”-тэй холбоотой хэргийг хэлэлцэж байгаа юм.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Энержи Ресурс", "Говийн зам" ХХК-тай холбоотой асуудлаар Эдийн засаг, Хөгжлийн сайд асан Н.Батбаяраас яллах дүгнэлтийн дагуу прокурор асуулт асуулаа.
-Та өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа "Энержи Ресурс" ХХК, "Говийн зам" ХХК-ийн замыг худалдаж авах асуудал дээр засгийн газрын хууль журмыг мөрдөж ажилласан уу?
-Нэгдүгээрт прокурорын асуултыг ойлгохгүй байна. "Энержи Ресурс", "Говийн зам" ХХК Хөгжлийн Банкнаас зээл аваагүй. Тиймээс нэр томьёогоо зөв болгохыг хүсэж байна. Би Үндсэн хууль батлалцсан хүн. Монгол Улсын прокурорын байгууллага хуулиа биелүүлэхгүй байна.
-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг хэзээ, хэнээс, ямар байдлаар авсан бэ?
-Засгийн газрын шийдвэрийг энэ эрүүгийн хэрэгт ярих ёсгүй. Ахиж хууль зөрчсөн асуудал яривал хариулахгүй. Засгийн газрын шийдвэрийн талаар хууль зөрчсөн асуулт асууж байна. Би хэн нэгнээс чиглэл үүрэг аваад хийсэн зүйлгүй. Бодлого шийддэг хүн. Бодлогоо боловсруулаад шийдсэн. Та өөрөө бусдаас шийдвэр авдаг болохоор ингэж асуугаад байх шиг байна.
-Уучлаарай. Н.Алтанхуяг сайд та хоёрын өгсөн мэдүүлгийн хүрээнд асуулаа. Танаас цаг хугацаа асуусан. Та цаг хугацаатай хэлээд үндэслэлээ тайлбарлаж чадах уу?
-Монгол Улсын прокурорын байгууллага эрүүгийн, УИХ-ын, Засгийн газрын хуулийг зөрчиж байгаагаа мэдэж байна уу. Үүнийхээ төлөө удахгүй хариуцлага хүлээхээ мэдэж байна уу. Та хууль бус юм ярихаа зогсоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7-д шүүх ажиллагааны үед прокурор гэм буруугүй гэж үзвэл саналаа татаж авах эрхтэй. Тэгэхээр прокурорууд саналаа татаж авбал өлзийтэй. Эс бөгөөс та нар ял үүрэх эрсдэлтэй юмыг өөрсдөө яриад байгаа шүү. Тиймээс би өрөвдсөндөө хэлж, та нарыг хайрлаж байна” гэлээ.