УБТЗ урд хилийн гарцын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
Замын-Үүд зангилааны төмөр замчид дөрөвдүгээр сард өргөн царигаар 1 удаа 14, 27 удаа 15, 2 удаа 16 буюу нийт 451 галт тэрэг БНХАУ–ын талд хүлээлгэн өглөө. Ингэснээр хоногт дунджаар 15.03 галт тэрэг солилцсон түүхэн амжилтыг тогтоов. Улсын урд хилийн гол гарц болсон Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар УБТЗ–ын удирдлагууд Хятадын талтай идэвхтэй ярилцаж, тодорхой үр дүнд хүрсэн нь ийнхүү экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлж эхэллээ.
Үүний илрэл нь нэгдүгээр улирлын байдлаар УБТЗ нийтдээ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 106.9 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү гарсан. Тээвэрлэсэн ачааг ангилж үзвэл, экспортоор 2.8 сая тонн, импортоор 782 мянган тонн, орон нутгийн 3.3 сая тонн, транзитаар 1 сая 97 тонн ачаа тус тус тээвэрлэсэн байдаг. Эдгээрээс экспортоор 2.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96.2 хувиар илүү бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.
Дээр дурдснаар, дөрөвдүгээр сард УБТЗ Замын-Үүд-Эрээний хилийн гарцаар хоногт тогтмол 15.03 галт тэрэг солилцохдоо 15 дахь галт тэргийг ЗТХЯ–наас ирүүлсэн чиглэлийн дагуу экспортын нүүрстэй галт тэрэг байхаар зохион байгуулж, БНХАУ–ын талд хүлээлгэн өгч байна. Ингэснээр УБТЗ жилдээ өмнөх жилүүдийнхээс 1.2 сая тонн экспортын нүүрс илүү гаргах нөхцөл бүрдсэн гэсэн үг.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эрс муудаад байсан галт тэрэг солилцоо нэмэгдэж эхэлсэн нь Замын–Үүд–Эрээн өртөөдийн хамтын ажиллагаа нягтарч, хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа урд жилүүдийнхээс нэмэгдэж байгаа нэг хэлбэр юм. Дашрамд дурдахад, УБТЗ–ын хувьд өмнө нь Замын–Үүд–Эрээн өртөөний хилийн гарцаар хамгийн дээд талдаа хоногт дунджаар 14 галт тэрэг солилцож байв.