ХҮН намын удирдлага, гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бид хоёр жил ярьж байна. 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэйгээ уулзлаа. ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувь дэмжиж байна. Бид тус хуулийн талаар саналаа албан ёсоор хүргүүлсэн.
Өөрсдийн тойргоо усалж, би л гарч байвал болоо гэсэн 30 жилийн өрсөлдөөний үр дүнд Монгол Улс нийтээрээ ялагдсан. Монголчууд нийтээрээ өөрчлөлтийг хүсэж байгаа.
УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжиж байна. Энэ бол судлаачдын гаргасан тоо. Парламентын гишүүдийн тоо хүн амаас хамаарна гэж зарим хүн ярьдаг. Дэлхийн парламентын хамгийн үр ашигтай тоо нь 120-800 юм. 120-иос цөөн гишүүнтэй улсад хулгай, хуйвалдаан, авлига их гардаг. 800-гаас олон гишүүнтэй улс шийдвэр гаргаж чадахаа больдог.
Манай улс цөөн хүн амтай улсад орохгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэй, хулгай хийдэггүй, хөгжлийн бодлого ярьдаг парламентын гишүүдийн тоо 152 байх нь зүйтэй” гэв.