Бусдын адил хичээж, хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахын төлөө зүтгэж яваа түүнийг Урантуяагийн Есүхэй гэдэг. Улаанбаатар хотод 1994 онд төрсөн тэрбээр өдгөө 29 настай. Найман настай хүүхдийнх шиг бие, царайтайдаа санаа зовж явдаг У.Есүхэй өөрөөсөө дүү хүнд ч “Ах аа, эгч ээ” гэж хэлдэг, тэгэх нь түүнд амар байдаг гэнэ. Бусдын ялгаварлан гадуурхалтын улмаас, өөрөө ичсэндээ есдүгээр ангиасаа сургуулиас гарчээ.
Тэрбээр бусдын адил ажилтай байх гэж хэд хэдэн удаа оролджээ. Гэвч “За, хүрч ирээд уулзчих” гэсэн хүмүүс нь яг яваад очихоор “Өө, ийм хүн байсан юм уу” гэж гайхдаг, “Эргээд холбогдъё” гээд таг болчихдог гэнэ.
У.Есүхэйгийн найзууд нь түүнийг ажилтай, тогтмол орлоготой болгохын тулд “Game room” нэртэй тоглоомын газар нээж өгчээ. Ингэхийн тулд нэг найз нь автомашинаа хүртэл худалдсан байна.
Т.Есүхэй “Надад ажил олддоггүй. “Намайг хэн тоож ажилд авах вэ дээ. Би юу хийж чадах вэ дээ” гэж бодож, өөрийгөө голсоор өдий хүрсэн. Тэр хэрээр бусдаас өөрийгөө тусгаарладаг байлаа.
Ажил хийе гэж хэд хэдэн удаа оролдож үзсэн. Хүмүүс “Эргээд ярья” л гэдэг. “Ярина гэсэн. Хэзээ ярих бол” гээд л би хүлээнэ. Гэвч нэг нь эргэж холбоо барьдаггүй. Шууд л тэгээд алга болчихдог.
Зарим нь “Ажилд авъя. Хүрээд ир” гэдэг. Яваад очингуут гэнэт гайхаж харснаа “Өө, ийм хүн байсан юм уу. Мэдээгүй шүү дээ” гэдэг. Тэгээд л ажилд авдаггүй. Намайг юм хийж чадахгүй л гэж боддог шиг байгаа юм. Би өөртөө, биедээ тохирсон ажил хийж чадна шүү дээ.
Сүүлдээ ч санаа зовоод, өөрийгөө голоод ажил хайхаа больсон. Манай хоёр найз “Найзыгаа ажилтай, орлоготой болгоё” гээд надад энэ газрыг нээж өгсөн. Мөнгө төгрөг дутсан чинь нэг найз маань автомашинаа хүртэл зарсан. Тэгээд тал, талаасаа элбэж байгаад энэ газрыг нээж өглөө. Одоо би эндээ өдөр бүр ажиллаж байгаа. Өөрийн гэсэн ийм гоё газартай болох, ажил хийх үнэхээр сайхан юм байна. Өглөө эрт босоод ирдэг. Шөнө 01.00, 02.00 цаг хүртэл ажилладаг.
Миний өсөлт яагаад зогсчихсон юм бол, би яагаад жаахан хүүхэд шиг царайтай юм бол гайхалгүй яах вэ. Би 2-3 эмнэлэгт шинжилгээ өгч үзсэн. Хүмүүс “Тарианаас болсон байх” гэдэг. Тэгээгүй юм билээ. Өнчин тархины үйл ажиллагаанаас болсон гэсэн онош гарсан. Бие минь л ийм болохоос оюун ухаан, бодож санах маань зүв зүгээр.
Би 7-8 настай хүүхдийнх шиг биетэй. Арван хэдэн настай хүүхэд хажуугаар зөрөхдөө мөрлөөд өнгөрөх хэцүү, хэцүү. Би тэр болгоныг тоодоггүй, зүгээр л орхичихдог. Сүүлдээ бүр сурчихсан. Одоо ч бас тийм зүйл тохиолддог. Хаана ч явсан хүүхдүүд мөрлөөд, тиймэрхүү л байдаг.
Би хүнтэй анх уулзахдаа “Намайг ах гэж бодож байгаа болов уу. Дүү гэж бодож байгаа болов уу. Юу гэж хэлэх бол” гэж их боддог. Уг надаас дүү хүн байгаад байдаг. “Намайг ахын дүү” гэж хэлэх нь үү” гэж боддог. Шууд л түрүүлээд “Ах аа, эгч ээ” гэдэг. Тэгэхгүй бол надад их хэцүү байдаг.
76 дугаар сургуульд үргэлжлүүлэн сурах боломж надад байх нь байсан. Даанч бусдаас ичээд сурч чадаагүй. Ичиж санаа зовох л хамгийн хэцүү.
Би ер нь ичимхий. Бусадтай нээлттэй ярьж чаддаггүй болохоор эмэгтэй хүнтэй харилцдаггүй юм аа. Чатаар ч харилцдаггүй.
Манай “Game room” Хорооллын эцсийн “Emart”-ын хойд талын”Нэхий плаза”-гийн яг ард бий. Зургаан давхар саарал байрны B1 давхарт байрладаг. Нэг цагийн 25.000 төгрөг төлөөд энд байгаа бүх тоглоомоор тоглож, үйлчлүүлэх боломжтой.
Одоо юмны үнэ хэчнээн их өсөж байгаа билээ. Амьдрахад улам л хүнд болсоор байна. Тиймээс мөнгө олъё,бусдаас дутахгүй амьдаръя л гэж бодож байвал хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хөдөлмөрлөх, ажил хийх хамгийн чухал. Зүгээр суугаад яах вэ дээ, тийм ээ” гэв.