Ахмад настнуудын хүний эрхийн асуудлууд дээр тулгуурлан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос гэр хорооллын 600 ахмадыг хамруулсан судалгаа хийжээ.
Судалгааны үр дүнд ахмад настнуудын 51.3% нь ажил хөдөлмөр хийх хүсэлтэй гэдгээ илэрхийлснийг ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул онцлон хэллээ.
Тиймээс ахмад настнуудыг ажиллууллах ажлын байр, хууль эрхзүйн орчин, асаргаа даатгалын системийг бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа аж.
Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг ахмад настнуудын хувьд наснаасаа шалтгаалан ялгаварлан гадуурхагддаг. Илүү цагаар болон амралтын өдрүүдээр ажиллах зэрэг хөдөлмөрийн хуулиас гадуурх үүргийг хүлээж байгаа тухайгаа судалгаанд дурдсан байна.
Х.Мөнхзул гишүүн хэлэхдээ "Манай судалгаанд хамрагдагч нийт ахмадын 64% нь ганцаарддаг гэж илэрхийлсэн. Нийгмийн харилцаанд орж чадахгүй байх нь яваандаа сэтгэл гутралд хүргэх аюултай. Үр хүүхдүүд бид эцэг эх ээ хайрлан энэрэх үүрэгтэй. Гэтэл үүргээ бүрэн биелүүлж чаддаггүй. Ахмад настнууддаа зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл тэд маань хамтдаа суугаад, янз бүрийн аж ахуй эрхлээд нийгэмтэйгээ хамт алхана. Олон улсад ахмадуудад зориулсан төсөл хөтөлбөр, эрүүл мэнд, ажил эрхлэлтийг нь дэмжсэн эрүүл орчин бий. Гэтэл манайд ахмадууд орчөдөр тутамдаа гэмтэж бэртэх, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болцгоож байна. Магадгүй ахмад настнууд маань ажил хөдөлмөр эрхэлснээрээ сэтгэл гутрал, ганцаардлаас нь гаргах суурь нөхцөл нв бүрдэнэ гэж харж байна" гэв.
Ахмад настнууд ярьж байна:
- Одоо бид нар чинь хамт олонгүй л болчихоод байгаа. Бараг нэгнээ танихаа болиод байна шүү дээ
- Их ганцаарддаг. Гоё хамт олонтой л баймаар байх юм даа.
- Ажил хөдөлмөр гэж намайг одоо хэн авах вэ дээ, залуучуудаа л авдаг биз дээ. Одоо яах вэ, таарсан юм байвал хийе л гэж боддог. 70 нас гарчихсан бараг хэрэггүй л гэдэг юм байна.
- Одоо тэртээ тэргүй тэтгэвэрт гарчихаар хэдий мэргэжил боловсрол байлаа ч ажил хийе гэхээр авдаггүй шүү дээ.
- Одоо хэдэн саалийн үхэртэй. Тэрүүгээрээ хувиараа ажилладаг. Дан тэтгэвэр бол хүрэлцдэггүй. Эм, даралтны эм ойр зуурын юм аваад аваад л дуусчихдаг.
- Хувь тэнцүүлсэн 400 мянгыг авдаг хаана ч хүрдэггүй л юм байна шүү дээ.