Бид энэ удаад HumanZ start up-ийн сэтгүүлч, контент менежер М.Мөнхсолонгыг онцлон ярилцлаа. Тэрээр амьдрал тохиож болох гайхалтай хувь тохиолоор ихэр болон мэндэлсэн. Өөртөө итгэлгүй, мэдрэмжээ хуваалцдаггүй, бүрэг ичимхий байсан түүнийг өнөөдрийн өөртөө итгэлтэй, хөгжилтэй, зорилготой болоход түүний найзууд хамгийн их нөлөөлсөн аж. Бид түүнтэй зөв хүрээллээ олох нь ямар чухал болон ихэр байх ямар байдаг талаар ярилцлаа.
М.Мөнхсолонго багадаа бүрэг, ичимхий, өөртөө итгэлгүй, өөрийнхөө гоё сайхан зүйлийг мэддэггүй, өөрийгөө царай муутай, онц сурдаггүй, урлаг спортын авьяасгүй өөрийгөө “Байдаг л барааны саван юм даа” гэж боддог байжээ. Тэр эмээ өвөөдөө тусалдаг, айлын сайн охин байхад л болно гэж бодон, өглөө эрт босож, сүүнд яваад л, өвөө эмээдээ тусалж дэлгүүрийн барааг нь зөөж өгөөд л өдөр хоногуудыг нэгэн ижил өнгөрүүлдэг байжээ. Түүний сэтгэлийн гүнд нэг л мөрөөдөл байсан нь бат итгэлтэйгээр “Би сэтгүүлч болно” гэж боддог байсан аж.
ӨӨРИЙНХӨӨ САЙХАН ТАЛЫГ МЭДЭЖ, АМЬДРАЛД ИЛҮҮ ХАЙРТАЙ БОЛСОН
Тэрээр “Эмээ өвөөтэйгөө өссөн болохоор ч тэр үү би мэдрэмжүүдээ маш их хаадаг болсон байсан. Миний баярлах, гуниглах эмээ, өвөөд хамаагүй. Зүгээр л би эмээ, өвөөгийн сайн хүүхэд байхад болно гэж боддог. Тэгж явсаар оюутан болоход амьдрал арай өөр болсон. Би хувь хүн болж эхлээд, найзуудтайгаа хөгжилдөж, өөрийнхөө мэдрэмжээ илэрхийлж сураад л…
Хүн бүр намайг “Ямар гоё үстэй юм бэ. Чинийх шиг л үстэй болох гэж хүмүүс үсчин орж, мөнгө зарж байна” гэдэг байсан. Гэтэл би үүнийгээ өөрөө мэдэхгүй. Үсээ гөлчийтөл нь индүүдээд л “Муухай арзгар үс” гээд хими хийлгээд л… Гэтэл миний үс маш гоё байгалиараа буржгар байсан. Мөн би нүднийхээ өнгийг мэддэггүй байсан. Бас л хүмүүс “Ямар гоё нүдтэй юм бэ” гээд л. Би нээрээ л тийм байна гээд, мэддэг болсон. Би бас хоолойндоо их дургүй байсан. Хүмүүс намайг “Ямар гоё эмэгтэйлэг хоолойтой юм бэ” гээд л. Би нээрээ л тийм байна гээд л… Ингээд би өөрийнхөө гоё, сайхан талыг олж харж, өөртөө итгэлтэй, зоригтой болж эхэлсэн.
Энэ нь би зөв хүрээлэлдээ орж чадсан байгаа юм. Хүмүүс намайг доош нь хийгээгүй. Миний өөртөө итгэх итгэлийг унагаагүй. Намайг улам гоё болгож байсан. Тэр хүмүүс миний найзууд байсан. Манай найзууд “Соко ёстой хөөрхөн, гоё эмэгтэйлэг” гээд л… Би цэцэг услагдана гэдэг шиг л өөрийнхөө гоё сайхан чанаруудыг мэддэг болсон” гэсэн юм.
ИХ СУРГУУЛИА ТӨГСӨӨД ЗААВАЛ МЭРГЭЖЛЭЭ АЖИЛЛАЖ ҮЗЭЭРЭЙ ЗАЛУУС АА!
Тэрээр HumanZ start up-ыг анх эхэлж байхаас нь ажиллаж эхэлжээ. Их сургуулиа төгсөөд, өөрийгөө голж, өөр ажил хийдэг байсан байна. Энэ үед нь HumanZ start up-ийн үүсгэн байгуулагч, түүний найз М.Баасандэлгэр “Залуучууд нийгэмдээ эерэг өөрчлөлт хийе. Хамт эхлүүлье” гэж хамтран ажиллах санал тавьжээ. Тэр үед л өөрийнхөө мөрөөдлийг гэнэт санасан тухайгаа хуваалцсан юм.
Тэрээр “Бааска намайг их ухуулсан. Би орно гэж бодохгүй, зүгээр л Бааскагийн ажилд тусалдаг байсан. Тэр үед би гэнэт мөрөөдлөө санасан. Уг нь сэтгүүлч мэргэжилд дурлаж, сэтгүүлчээс өөр юу ч бодохгүй “Би сэтгүүлч л болно” гэж болсон. Гэтэл ажлын байранд гараад, амьдралд нухлагдаад гэх үү мөрөөдлөө мартчихсан явж байсан. “Би чинь нээрээ сэтгүүлч мэргэжилдээ маш дуртай, хүсэж болсон байж яагаад больсон юм бол” гээд… Тэгээд л маш том амбицтайгаар HumanZ-ийг сонгож орсон” гэв.
АМЬДРАЛЫН МИНЬ ХАМГИЙН САЙН НАЙЗ МИНИЙ ИХЭР
Түүний ихрийг М.Мөнх-Отгон гэдэг. Тэднийг харахад бүх зүйл нь ижилхэн ч үзэл бодол, сэтгэлзүй, дуртай зүйл гээд олон зүйлээрээ өөр. М.Мөнхсолонго хэдий эгч нь ч дүүгээсээ олон зүйлийг суралцаж, хэнээс ч илүү нэгнээ хайрлаж, хамгаалдаг аж.
“Ихэр байх маш гоё. Ихэр болж төрөх нь маш том аз. Ихэр хүүхэд өсөх үйл явц нь хэцүү. Хоёр хүүхэд зэрэг асрах, хамгаалах, зааж, сургах, өсгөх зардал гээд л. Гэхдээ ихрүүдэд өөрсдөд нь их гоё байдаг. Нэг үгээр хэлбэл, миний ээжийн дараа орлох хүн. Ээж байхгүй үед ихэр миний ээж.
Хоорондоо их муудалцана, хэрэлдэнэ, зодолдоно. Одоо том болоод, намба суугаад, зодолдохоо больсон. Хэрэлдэнэ. Хэрэлдэхдээ сүүлийн үед дуугаа хураадаг болсон. Би өвдсөн үедээ хамгийн түрүүнд ихэртээ хэлдэг. Шууд “Миний тэр өвдөөд байна. Надад тийм зүйл авч ирээд өгөөч” гээд л. Жаргал ч бай, зовлон ч бай юу ч тохиолдсон хамгийн түрүүнд ихэр маань санаанд ордог. Бид хоёр хоорондоо их аминчхан. Дээрээ ах, доороо дүүтэй ч хоёр биедээ л бэлэг авч өгдөг. Бие биедээ маш их хайртай. Бусдаас нэгнээ их өмгөөлж, хамгаалдаг. Бага байхад Око дандаа намайг хамгаалдаг байсан. Би хэн нэгэнтэй муудахад ихэр миний өмнөөс очоод зодчихдог байсан.
Бид хоёр хамт дэлхийгээр аялхыг хүсдэг. Өөр хэнтэй ч аялснаас илүү гоё байна байх гэж боддог.
“ЧАДАХГҮЙ” ГЭЭД ХОЙШ СУУХ БУС “ХИЙГЭЭД ҮЗЬЕ” ГЭЭД ЭХЛЭХ НЬ АМЬДРАЛЫГ ИЛҮҮ АМТТАЙ БОЛГОДОГ
М.Мөнхсолонго “Би сүүлд “чадахгүй” гэдэг үг хэлэхээ больсон. Энэ өнөөдрийн намайг бүтээхэд нөлөөлсөн байх. Би өмнөх шигээ байсан бол юм болгоноос айгаад л, “Би чадахгүй ээ” гээд л өөртөө итгэлгүй царайлаад л, “Би чадахгүй байх аа, дэмий байх аа” гээд л аливаа зүйлээс хойш суудаг нэгэн болох байсан байх. Чадахгүй ч гэсэн оролдоод үзье, тэгье, хийгээд үзье гээд өөртөө хариуцлага авч сурсан. Заримдаа нэг гүнзгий амьсгал аваад л хийх тохиолдол байдаг. Тэр л намайг өдий зэрэгтэй болгосон байх.
Намайг хүмүүс хараад их эмзэг гэж боддог. Гэхдээ үнэндээ хүмүүсийн мэдэхгүй миний зан чанар бол би маш хатуужилтай. Жаргалаа гээд жаргаж байна гэж боддоггүй. Зовлоо гээд зовж байна гэж боддоггүй. Тухайн цаг мөчид “Цаг хугацаа урсаж л байна даа” гэж боддог. Өнөөдөр жаргалтай, маргааш зовлонтой байж болно. Энэ бол байгалийн үнэн гэдэг шиг амьдралын үнэн гэдгийг мэддэг. Жаргалаа гээд мөнхөд жаргахгүй. Зовлоо гээд мөнхөд зовохгүй гэдэгтэй багаасаа эвлэрсэн. Шаналаад эсвэл хэт баярладаг сэтгэл хөдлөл өндөртэй хүн биш” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.