ОХУ-ын арми Украины цагаар баасан гарагийн өглөө нийслэл Киев рүү 20 гаруй пуужин, хоёр нисгэгчгүй онгоцоор халджээ. Таван хүн амь үрэгдэж, орон сууцны барилга халдлагад өртсөн байна. Амиа алдагсдын дунд 2013 онд төрсөн хүүхэд байсныг Украины эрх баригчид мэдэгдсэн. Сүүлийн хоёр сард ОХУ-ын арми Украины нийслэлд пуужингийн цохилт үзүүлээгүй байсан юм. Украины арми 11 пуужинг устгасан гэж Киевийн эрх баригчид мэдэгдсэн байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болсон үйл явдлын талаар цахим хуудсандаа бичиж, ОХУ-ын эсрэг нэмэлт олон улсын хориг арга хэмжээ яаралтай хэрэгтэйг харуулж байна гэжээ. Украины талыг барууны холбоотнууд нэмэлт зэвсгээр хангах болсон тухай мэдээлэл гарсны дараахан энэ үйл явдал болсныг шинжээчид хэлж байгаа юм. Энэ удаагийн дайралт ямар байг онилсон нь одоогоор тодорхой болоогүй байна. ОХУ өмнөх дайралтууддаа голчлон дэд бүтцүүдийг онилж байсныг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
SOURCE: BBC