Бид энэ удаа дэлхийн монголчууд MGL радиогийн нэвтрүүлэгч, хөтлөгч А.Хаштай ярилцлаа. Түүний хувьд амьдралд бууж өгмөөр, амьдрал дуусчихсан мэт санагдах үе олон байсан ч, юу ч дуусаагүй, юу ч оройтоогүй байдаг талаар болон хувь тавилан байдагт итгэдэг тухайгаа ярьсан юм.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа.
-Би ярилцлага өгөх их дургүй. Ярилцъя гэсэн сэтгүүлчдэд татгалзаад байх нь ч төвөгтэй байдаг юм. Яриад байх зүйл нэг их үлдээгүй дээ. Нэг зүйлээ давтаад яриад явалтай нь биш.
-Таны өгсөн ярилцлагуудыг уншиж байхад, “надад боловсрол гээд байх зүйлгүй” гээд ярьсан байсан. Яаж байгаад фм-д хөтлөгчөөр ажиллах болсон бэ?
-Би аз байдагт итгэдэг. Аз гэнэ үү, хувь тавилан гэнэ үү, бурхан, тэнгэр гэнэ үү мэдэхгүй. Хүнээс үл хамаарах нэг тийм хүчин зүйл миний амьдралд нөлөөлдөг юм. Түүнд итгэдэг биш, бүр мэддэг, мэдэрдэг. Зөв явах юм бол, хувь тавилан маань намайг зөв залаад явчихдаг юм болов уу. Би өөрийнхөө амьдралыг удирдаж биш удирдуулж амьдардаг хүн. Магадгүй заримдаа зөн совиндоо ч юм уу удирдуулж байгаа мэдрэгддэг. Яагаад энэ ажилд орсон гэвэл, бас л тохиолдлоор. Өөр ямар ч ажил байгаагүй юм чинь санал болгож байгаа ажлыг хийлгүй яах вэ. Тэгээд л орсон. Долоо дахь жилдээ ажиллах гэж байна. Нас тогтсон хүмүүс эфир дээр дуугарч эхэлсэн нь маш содон, шинэлэг зүйл байсан юм. Тийм болохоор би хүмүүст танигдсан байх. Үзэгч, сонсогчид надад, миний хоолойнд дассан байх л даа. Түүнээс надад биш гоцын ухаан гээд байх зүйл үгүй. Ер нь л ажил дээр ч, амьдрал дээр ч ухаан гаргах зүйл тулгарах юм бол миний ажил амьдрал болохоо байж байгаа юм байна гэж л бодно. Одоо бол ухаан зараад байх зүйлгүй л амьдарч байна.
-Ухаан зарах шаардлагатай үе олон тулгарсан байх. Тийм үү?
-Гэр оронгүй болчхоод ухаан гаргахаас өөр аргагүй нөхцөлд орж л явсан. Би чинь айлын охин “авч” амьдраад, хоёр хүүхэдтэй болоод байргүй, бүх юмгүй болсон хүн. Байргүй болчхоод байр түрээсэлж байлаа. Ажил олдохгүй бүр хувхай хоосон болсон. Тэр үед охиныг нь гэрт нь буцаад аваачиж өгөх л хамгийн хэцүү байсан. Ингэхдээ бүр цуг очсон. “За танай охиныг тэжээж чадахгүй нь. Би бас өөрийгөө тэжээж чадахгүй нь. Биднийг тэжээгээч” гээд л. Ер нь яг утгаараа энэ шүү дээ. Яг хадмынд ирдэг тэр үед хэн ч биш гэдгээ мэдэрсэн. Хоосорно гэж ярьдаг шүү дээ. Тэр үед л мэдэрдэг, боддог, ухаан зардаг юм билээ. Ийм үед л хүний үгийг сонсож сурсан. Миний хамгийн дургүй зүйл хүний үгийг сонсох, хүн дагах, хүний зөвлөгөөг авах. Чаддаг ч үгүй байсан. Тэгээд гарцаагүй, сонголтгүй болоод л ухаарсан. Тэр мөчид л би бодсон…
-Ингэхэд та эхнэрийнхээ талаар их ярьдаг юм билээ. Аз жаргалтай бат бөх гэр бүл юун дээр тогтдог юм бэ?
-Эхнэр бид хоёр ийм тийм гээд байх зүйл байдаггүй. Зүгээр л хайрладаг. Намайг ч хайрладаг. Би эхнэрийнхээ царайнаас 17 настай төрхийг нь олж хардаг юм. яах вэ жаахан хөгширсөн ч 17 той тэр л охин харагддаг. Гол нь халамж байх гэж бодож байна. Би нэг их халамжтай байгаагүй. Харин одоо илүү их хайралж, илүү их халамжлахыг хичээх болсон.
-Та аавынхаа барааг ч хараагүй гэх юм билээ.
-Мэдээж ядарч явахад манай аав маш баян хүн гээд сонсчихсон. Аавыгаа олж уулзсан юм. Нэг уулзахад жигтэйхэн намайг үнсээд л, хадаг гаргаад л… “Дараа хоёулаа уулзана аа” гээд салсан. Дараа нь уулзах гээд нэг утасдахад, “Чи надаас ер нь юу хүсээд байгаа юм. Үхэх гэж байгаа өвгөнөөс юу салгах гээд байгаа юм” гээд л тасалсан. Тэр надад их хэцүү байсан. Би тэгэхэд хэчнээн гудамжинд байсан ч гэсэн эд мөнгөний зүйл хүсээгүй ээ. Мэдээж ажилд оруулаад өгчих юм болов уу гэсэн бодол байсан нь үнэн. Үүнээс илүү аавынхаа тухай түүхийг, ямар үндэстэй хүн юм, аавын, өвөө, эмээ маань ямар угсаа гаралтай хүн юм гээд сонсож сонирхох зүйл байна шүү дээ. Тэр бүхнийг мэдэхийг л хүсэж байсан. Би чинь зүгээр нэг чулуунаас гарчхаагүй. Үүнийг манай аав ойлгоогүй дээ. Тэр үед аймар уур хүрсэ.Тэгэхэд эхнэртээ их уурласнаа санаж байна. Энэ үе бол миний амьдралыг хамгийн гашуун түүх байх. Өөр харамсаад гуниглаад байдаг зүйл байхгүй ээ. Тэнэгийн дотор уужуу гэж…
-Та бусдаас зөвлөгөө авах, зөвлөх дургүй гэж байсан. Гэсэн ч залуу үедээ хэлчихмээр санагддаг зүйл байдаг байх.
-Залуу байхад, “За ингээд бүх зүйл дууслаа. Би өнгөрсөн хүн” гээд бодох үе их байдаг юм. Дээд сургуульд ороогүй. За би өнгөрсөн гээд бодож л байсан. Юм болоогүй, дуусаагүй л байсан шүү дээ. Осолд ороод л тахир дутуу болчихлоо, амьдралгүй боллоо гэж бодож байсан. Дуусаагүй л байсан. Гоё ажилд орчхоод халагдсан. Бүх юм дууслаа гэж бодсон дуусаагүй байсан. Тэгэхээр юу ч дуусдаггүй юм байна. Юу ч оройтдоггүй юм байна.
Хүлээж сураарай гэж хэлмээр байна. Ер нь амьдралд хүлээж сурах гэдэг их том ухаан юм болов уу гэж би бодоод байгаа юм. Ямар ч зүйлд. Хувь тавилан яг болсон цагт чинь бүх зүйлийн үүд хаалгыг нээж өгдөг. Амжилт амжилт гээд л байдаг. Би зүгээр амжилтыг өөртөө сэтгэл хангалуун байдлыг л гэж бодоод байдаг юм.