Хөгжлийн банкны шүүх хурал арав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбек мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Сүүлийн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллага, ард иргэд, төр засгийн зүгээс та бүхнийг зээлээ төлөхийг шахаж шаардаж ирсэн. Уг нь бол зээлээ төлчихвөл асуудалгүй байсан. Хэрэв зээлээ зохих ёсоор зарцуулж, төлсөн бол энэ 10 хоногийн хугацаанд ингэж шүүх хуралдаанд оролцох шаардлага байгаагүй. Зээлдэгч нар энэ танхимд зөвхөн үнэнийг өчих ёстой. Харамсалтай нь үнэнтэй эс нийцэж байна. Хөгжлийн банк өгсөн мөнгөө л авах хүсэлтэй байна. Хариуцлагагүй хүмүүсээс болж энд ийм асуудал яриад сууж байгаа нь харамсалтай. Хэрэв хууль, дүрэм, журмыг яс барьж ажилласан бол өнөөдрийн энэ үйл явдал болохгүй байсан.
2011 онд батлагдсан зээлийн үйл ажиллагааны процесст мөн 2018 онд дараах өөрчлөлтүүд орсон. Тухайн үед болон одоо хэрэгжиж байгаа дүрэм, журам, хуулийн хүрээнд бүх нэхэмжлэлийг тооцоолсон. Нийт 893,7 тэрбум төгрөгийн хохирол гарчээ. Өнөөдрийн байдлаар 596,6 тэрбум төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Зээлээ төлөөд явж байгаа тохиолдлууд байгаа. Хохирлоо барагдуулсан тохиолдлууд ч байгаа.
Шинжээчийн танилцуулсан дүгнэлтээр энд Хөгжлийн банк, аль нэг зээлдэгчээс хараат бусаар гаргасан дүгнэлтэд нийт зээлийн 74,3 хувь нь зориулалт бусаар зарцуулагджээ. олон зээлүүд банк бус санхүүгийн байгууллага руу орсон байна. Мөн зээлдэгчийн гэр бүлийн хүний данс руу оржээ. Хэрэгжих ёстой төсөл хөтөлбөрийн 18,7 хувь нь л зориулалтын дагуу ашиглагдсан байна" гэв.