Сонирхолдоо чин үнэнчээр зүтгэн амжилттай яваа залуу үеийн төлөөлөл Эрдэнэбатын Баярбат. Тэр 25 настай. Бага байхдаа Нарантуул зах дээр дугуйн худалдаа хийх аавынхаа ажилд туслах үеэр нь үзүүлбэр үзүүлдэг ах нар ирж, үсэрч харайдаг байжээ. Түүнийг харан шинэ мөрөөдөлдөө хөтлөгдсөн учир аав ээждээ их талархдаг гэж тэр хэлсэн юм.
2015 оноос эхлэн BMX гэх гудамжны бартаат дугуйн үзүүлбэрийн бүх тэмцээнд оролцон тасралтгүй монгол улсын аварга болжээ.
Мөн энэ төрөлдөө монголын анхны дэд мастерын болзлыг хангаснаас гадна БНСУ-д мэргэшсэн монголын цорын ганц багш дасгалжуулагч билээ.
Одоогоор монголдоо өөрийн гэсэн унадаг дугуйны дэлгүүр, засварын төвийг нээн ажиллаж байна.
Түүний хувьд дугуй сонирхогч хүүхдүүдэд зориулан жилдээ улсын аваргын нэг тэмцээн болон хоёроос гурван төрлийн уралдаан зохиож өгдөг талаараа ярьж байв.
Түүний хэлснээр “Солонгос улсад хүүхдийн экстрим зуслан байдаг. Хичээлийг нь хийлгэнэ, хооллож ундална, амраана, спортоор нь хичээллүүлнэ гэсэн зарчмаар улс нь хөтөлбөр гаргачихсан. Тийм хүмүүсийн дунд ороод хичээллэхэд үнэндээ бол их атаархсан. Манай энэ чиглэлийн спортын дүү нар их хотын чимэг байдаг. Гэсэн хэдий ч зориулагдсан стандартын талбай гэж байхгүй. Төрөөс жаахан дэмжээд өгвөл ганцаарчилсан спортын төрөл хурдацтай хөгжинө”.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Skate park”-ийг анх Уухай ТББ болон Экстрим холбоо хамтран төсөл хэрэгжүүлж хийсэн байна. Э.Баярбат энэ төслийн талаар “Хүрээлэн дээр хүүхэд залуучуудад зориулсан парк баръя гээд төсөл гаргаад хийж эхэлсэн. Тэгсэн хаанаас ч юм бэ гэнэт нэг барилгын компанийнхан авчраад хийлгээд гүйцэтгэл 80 хувьтай явж байна гээд дуудахаар нь ирсэн чинь ийм байдалтай. Зурагнаасаа бүр хоёр дахин жижигхэн болчихсон. Хүүхдүүд энд ирж бэлтгэл хийхгүй байгаа учир нь олон нийтийн биш ашгийн талбай болсонтой холбоотой” гэж хариулсан юм.
Тэрбээр уулын бартаат дугуйн төрлөөр мөн хичээллэдэг. Өнгөрсөн онд далайн төвшнөөс дээш 4050 метрийн өндөрт орших Малчин хайрхнаас дугуйтай буужээ. Энэ тухайгаа баримтат киноны хальснаа ч буулгаж амжсан байна.