Хятадын Ханжоу хотын нэгэн судалгааны баг шарсан хоол, тэр дундаа шарсан төмс байнга хэрэглэх нь шарсан хоол иддэггүй хүмүүстэй харьцуулахад түгшүүртэй болох эрсдэлийг 12%, сэтгэл гутралд орох эрсдэлийг 7%-иар нэмдэг болохыг танилцуулжээ.
Уг судалгаанд 11 жилийн хугацаанд, 140,728 хүнийг хамруулан судалсан байна. Эхний хоёр жилд сэтгэл зүйн хямрал, түгшүүрийн шинж тэмдэгтэй гэж тодорхойлогдсон оролцогчдыг хассаны дараа нэмж 8294 хүн түгшүүртэй болсон, 12,735 сэтгэл гутралд өртсөн гэсэн үр дүн харагджээ.
Энэ үзэгдэл нь залуу хүмүүс, нэн ялангуяа, эрэгтэйчүүд дунд түгээмэл ажиглагдсаныг онцолсон байна. Шарсан хоол нь таргалалт, цусны даралт ихэсгэхээс гадна эрүүл мэндийн бусад сөрөг үр дагаврыг дагуулдаг. Эдгээр шинж тэмдгүүд нь хүнийг сэтгэл гутрал, түгшүүрт автуулахад ихээхэн нөлөөлдөг байж болзошгүй байна. Гэсэн хэдий ч хоол тэжээлийн талаар судалж буй мэргэжилтнүүд дээрх үр дүн нь урьдчилсан байдлаар гарсан буюу эцсийн баталгаа биш гэдгийг сануулсан. Мэргэжлийн хоол, хүнс судлаачид “шарсан хоол ихээр хэрэглэх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хүргэж байна уу, эсвэл сэтгэл зүйн хямрал, түгшүүрийн шинж тэмдэгтэй хүмүүс шарсан хоол ихээр хэрэглэх шинжтэй байгаа юу?” гэсэн таамаглалыг дэвшүүлж буй аж.
SOURCE: CNN