Дөрөвдүгээр сард цаг агаар тогтворгүй байгаа. Огцом хүйтэрч, дулаарч буй энэ сарын цаг агаар малчид, тариаланчдад их чухал. Өчигдөр л гэхэд цас орж, огцом хүйтэрсэн. Ер нь дөрөвдүгээр сарын сүүлээр болон тавдугаар сард цаг агаар ямар байх вэ. Энэ талаар цаг уурч Ш.Тэргэлээс тодрууллаа.
Тэрбээр “Өнөө, маргаашдаа төвийн аймгийн нутгийн зарим, говийн нутгийн хойд, зүүн аймгийн нутгаар хур тунадастай, хүйтэн, салхи шуургатай байх төлөвтэй байна. Сарын сүүлчээр буюу 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. Гэхдээ тавдугаар сарын эхээр цаг агаар эргээд муудах төлөвтэй байна.
Монгол орны ихэнх нутгаар хур тунадастай, салхи шуургатай байна. Температур сэрүүсэн, олон жилийн дунджаас хүйтэн байна. Цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэс буюу 5-6-наас аажмаар буцаад дулаарна. Гэвч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн сүүлчээр эргээд хүйтрэх төлөвтэй байгаа. Ерөнхий зургаар нь харвал, ирэх тавдугаар сард нутгийн баруун хагаст буюу Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсөл, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Бусад нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байна.
Увсын нутаг, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Харин говийн аймгуудын нутгаар буюу Өмнөговь, Дундговь, дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадас орно. Малчид, тариаланчдад анхааруулж хэлэхэд, мал төллөх, хаврын тариалалт зэрэг үйл ажиллагаанд эртнээс анхааралтай байхыг зөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд “Зун зун шиг байхаа байлаа. Зуны сар гарсан ч хүйтэн байх боллоо” гэж иргэд гайхаж буй. Тав хоногоор ч юм уу олон жилийн дунджаас 5-10 хэмээр дулаан байх, эргээд мөн адил дунджаас огцом хүйтрэх нь элбэг болсон. Температурын зөрүү ихтэй огцом, огцом байдлууд ажиглагдаж байгаа. Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард л гэхэд олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсан. Тэгсэн атлаа энэ дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас 0-5 градусаар хүйтэн байгаа. Иймэрхүү зүйлүүд орчил урсгалын онцлог болоод уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ажиглагдаж байна” гэлээ.