Хаана ч саундах боломжтой пургон сауныг Сүхээгийн Алдархишиг бүтээжээ. Анх хуучин пургон авч, улбар шар өнгөөр будуулах гэж байсан ч өнгө нь зөрөөд ув улаан болгосон байна. Пургоны доторх зайд дундаж биетэй 7-8 хүн уужуухан багтана.
2020 онд цар тахлаас үүдэн гадаадын жуулчдыг хүлээн авч чадахгүй байсан учир энэхүү сауныг хийх санаагаа анх олжээ. Хүмүүс сауныг түрээслэн хүссэн гол, нуурын эрэг, харзны усанд орж бүр гэрийнхээ гадаа ч дуудах боломжтой. Одоогоор саунд Япон, Грек, Орос, Финлянд жуулчид сонирхон ороод, зарим нь бүр байнгын үйлчлүүлэгч болжээ.
С.Алдархишиг нэгдүгээр сарын түгжрэл дунд Сүхбаатарын талбай дээр саундах санаатай байсан талаараа инээд алдан хуваалцахдаа "Гол нь хүмүүст сонирхолтой харагдах юм болов уу гэж бодсон. Гэхдээ Чингис хааны хөшөөний өмнө. Сүхбаатарын талбай дээр нүцгэн шалдан яваад яах вэ гэж бодсон, хүндэлсэн. Тэгээд хийгээгүй юм" гэсэн юм.
1999 оноос аялал жуулчлалын салбарт экстрим буюу адал явдалт аяллын чиглэлээр "Mongolia expeditions" компаниа байгуулсан тэрбээр "Монголд зочлох жил-2023” төслийн талаар шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ. Энэ талаар “Том дарга нар Монголд зочлох жил гээд л энд тэнд шоу хийгээд яваад л байна. Мөнгө бол нэлээд сайн зарцуулж байх шиг байна. Нэг том бэрхшээл нь бол дотоодын нислэгийн асуудал. Өнгөрсөн онд 880,000 төгрөгөөр Баян-Өлгий рүү ирж буцдаг байсан. Энэ жил 1,500,000 төгрөг болчихсон. Би 2022 онд ирэх онуудынхаа аяллын үнийг түншүүддээ өмнөх үнээр нь өгсөн. Одоо энэ зөрүү мөнгөний асуудлыг бид өөрсдөө үүрэхээс өөр аргагүй болж байгаа.
Монголчууд аялал жуулчлалынхаа салбар руу маш их дайрдаг. Үйлчилгээ байхгүй, жорлон байхгүй л гэнэ. Бодит байдал дээр энэ үнэн үү үнэн. Монгол Улсын Засгийн газар заавал жорлон барьж өгөх үүрэггүй шүү дээ. Хүмүүс өөрсдөө сэтгэж бариад дараа нь үйлчилгээнийхээ мөнгийг авч сураасай” гэв.