УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаас Сонгуулийн тухай хуулийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Улстөрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг цогцоор нь авч үзэж байгаа нь зөв. Ардчилсан нам сонгуулийн тогтолцоог холимог байлгах нь зүйтэй гэж харж байна. Эрх баригчид МАН 38:38 буюу 38 гишүүнийг тойргоос, 38 гишүүнийг жагсаалтаар сонгох хувилбарыг оруулсан бол АН 48:28 гэсэн байр суурьтай байгаа.
Намдаа хамгийн их мөнгө өгсөн хүн жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүн болдог гэсэн хардлага байсаар ирсэн. Үүнийг арилгахын тулд хүйсийг тэнцвэрийг хадгалж, жагсаалт дээр эмэгтэй, эмэгтэй гэж сөөлжүүлж нэрээ оруулъя гэдгийг дэмжиж байна. Өнөөдөр л гэхэд парламентын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.
Жижиг намууд парламентад төлөөлөлтэй болохын тулд УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж 152 болгоё гэдгийг дэмжиж байх шиг байна. Үүн дээр намуудын хэлэлцүүлгийн үеэр нэлээн маргаан гарлаа. Харин Ардчилсан намын тухайд сонгуулиа 48:28-иар явуулахдаа тойрогт дэвшсэн гишүүд нь тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү хэмжээний, хамгийн олон санал авсан хүмүүс ялах боловч нийт саналын 28 хувийг авч чадаагүй бол гишүүнээр сонгогдсонд тооцохгүй гэсэн саналыг нэлээн эсэргүүцэж байна. АН-ын барьж байгаа бодлого бол эрх баригч намаас бусад жижиг намууд нэгдэж эвсэж орж ирэх нь илүү бодитой болно гэж харж байгаа. Энэ жижиг намууд бүгдээрээ дан дангаараа өрсөлдөөд 3 хувийн босго давж гарч ирж чадахгүй. Эрх баригчид дахиад л олонхийг бүрдүүлээд бусад намууд ганц хоёр, дөрөв тавхан суудал авах нөхцөл байдал харагдаж байна. Би ийм л санааг илэрхийлээд байгаа юм. Харамсалтай нь өөр намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх, гишүүдийн тоог 152 болгох, гурван хувийн босго давах гэдэг дээрээ хэт найдаад байна. Сайн зохион байгуулалтад орж чадаагүй жижиг намууд улам л эсэргүүцэж байна.
Холимог тогтолцоогоор сонгууль явуулж байгаа энэ нөхцөлд жагсаалтаар орж ирэх гишүүдийнхээ чанарт анхаарч байж тухайн намын нэр хүнд өснө. Ялсных нь дараа төр барих чанарт бас нөлөөлнө шүү дээ. Гэвч улстөрийн намуудын төлөвшил тийм түвшинд хүрээгүй байна. Тийм болохоор хуучин парламентад үр бүтээлгүй олон жил болсон хүмүүс дахиад ороод ирэх вий гэдэг болгоомжлолыг бий болгож байна. Мэдээж, намын нэрсийн жагсаалтыг намын дарга нь л шийднэ шүү дээ. Тиймээс намын ардчиллын институт нь нарийн шүүж, хүн болгондоо хатуу шалгуур тавьж, биеэ бэлтгэсэн, төлөвшилтэй тийм хүмүүсийг оруулж ирдэг болоход тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.