Словени улсад болсон “Европын охидын математикийн олимпиад”-д Монголоос дөрвөн сурагч оролцон, гурван хүрэл медаль хүртлээ. Энэ удаагийн олимпиадаас “Эрдмийн хишиг” сургуулийн 9а ангийн сурагч Т.Болор хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр XII хүртэлх ангийн сурагчидтай өрсөлдөөд медаль авснаараа онцлог.
Т.Болор “Би XII хүртэлх ангийн эгч нартайгаа өрсөлдөөд хүрэл медаль авсандаа баяртай байна. Сэтгэгдэл их өндөр байна. Европын математикийн олимпиадад анх удаагаа оролцсон. Цаашид илүү их хичээвэл X, XI ангидаа алтан медаль авах боломж байгааг харлаа.
Энэ удаагийн математикийн олимпиадад 50 орны 220 гаруй охин оролцсон. Олимпиадын өмнө “Медаль авсан ч яах вэ, аваагүй ч яах вэ. Би есдүгээр анги. Дараа жил оролцох боломж байгаа” гэж бодоод оролцсон.
Манай багшийг Б.Ганбат гэдэг. Улсын гурван удаагийн аварга, их мундаг багш бий. Багшаараа хичээл заалгаж байгаа маань амжилтад их нөлөөлсөн.
Би Монгол Улсын олимпиадад долдугаар ангидаа 9-10 ангийнхантай өрсөлдөөд хүрэл медаль авсан.
Математикийн хичээлээ эгчтэйгээ хамт бэлддэг, ханиндаа зүгээр байдаг. Ганцаараа бэлддэг байсан бол жаахан ганцаардах байсан байх.
Математикийн хичээлээ огт орхихгүй, уйгагүй хичээх чухал. Дундаас нь нэг л орхичихвол хүүхдүүдийг гүйцэх хэцүү. Хөвгүүд өдөржин, шөнөжин суугаад, их бэлддэг. Тэдэнтэй адилхан л бэлдэхгүй бол хоцорчихно. Охид ч гэсэн хичээвэл математикаар хөвгүүдээс илүү амжилт гаргах боломжтой.
Цаашдын зорилго маань IMO (International mathematical olympiad)-д оролцох. IMO бол математикийн дэлхийн хамгийн том олимпиад. Монголоос ихэвчлэн хөвгүүд оролцдог. Олон улсын математикийн олимпиадад Монголоос эмэгтэй хүүхэд алтан медаль аваагүй байгаа. Би анхны алтан медалийг нь авах зорилготой байна” гэв.
Түүний багш, “Эрдмийн хишиг” сургуулийн математикийн багш Б.Ганбат “Шавь маань есдүгээр анги гэхэд нэлээд өндөр амжилттай оролцлоо. Хүрэл медаль хүртэхэд нь үнэхээр их сэтгэл хөдөллөө.
Шавь маань энэ жил хичээлээ сайн давтсан, Монголд болсон олимпиадуудад хэд хэдэн удаа түрүүлсэн. Олимпиадад өрсөлдөхдөө анги дэвшиж өрсөлддөг. Энэ нь Европын олимпиадад XII хүртэлх ангийнхантай өрсөлдөөд амжилт гаргахад нь их нөлөөллөө.
Т.Болор зорилго, төлөвлөгөөгөө тодорхой болгочихсон учраас бусдаас илүү хөдөлмөрлөж байгаа. Түүгээрээ давуу талтай. Хичээл зүтгэл их сайтай, суурь сайтай сурагч. Олон улсын математикийн олимпиадад монгол эмэгтэй сурагч түрүүлээгүй байгаа. Шавиа энэ олимпиадаас анхны алтан медалийг хүртэж чадна гэдэгт итгэлтэй явдаг” гэв.