Засгийн газар өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай ажилласны дүнд нааштай үр дүн гарч, дефольт болох эрсдлээс бүрэн ангижирч буй талаар Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Тэрбээр, "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2012 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол ирэх тавдугаар сард төлж барагдуулах ёстой Гэрэгэ бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэлээ хангаад байна.
Нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд валютын бүрэн нөөцтэй болж чадсан. Өөрөөр хэлбэл, Гэрэгэ бондыг төлснөөр төв банкны валютын нөөцөд сөрөг дарамт авчрахгүй байх менежментийг амжилттай хийж чадлаа. Мөн 487 сая ам.долларыг богино хугацаанд арилжааны зориулалтаар авсан байсан бондын өрийг энэ хэрээр амжилттай бууруулж чадлаа" гэв.