Хөгжлийн банкны шүүх хурал найм дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Үхэртар “Мах Импекс”, “Монгол эм импекс” “Пирамид Орд”, НВЦ компаниудад олгосон зээлийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, экспортыг дэмжиж, импортыг орлох зээл олгох нь ял авах зүйл юм бол монголын нийгэм хүнд болно гэж онцоллоо.
Энэ талаар ярихдаа, “Мах Импекс”, “Монгол эм импекс”, “Пирамид Орд”, НВЦ гэсэн дөрвөн компанид зээл олгохыг дэмжсэн гэдэг гарын үсэг зурснаар би буруутгагдаж байна. Махаа боловсруулаад гадагш гаргах манай эдийн засагт ач холбогдолтой зүйл мөн. Эмээлтийн зах болон бусад жижиг захуудаас гарч байгаа цус, хог хаягдлыг Мах комбинат руу өгч боловсруулаад Японд маш өндөр үнээр эм эмнэлгийн нарийн бүтээгдэхүүн болгож гаргах үйлдвэрлэлийн цех тасаг байна гэж дотроо бодож зээл гаргасан.
Монгол эм импексийн хувьд бид гаднаас эм тариагаа авдаг болохоор, эмийн үйлдвэр барих их ач холбогдолтой юм байна гэж бодоод дэмжиж байсан. Зээл олгох нь яагаад буруу гэдгийг ойлгохгүй байна. Банкууд ч зээл олгодог. Эдгээр компаниудтай хуйвалдсан зүйл байхгүй. Таних хүн ч байхгүй” гэлээ.