БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл АНУ-д айлчилж байх үеэрээ Нетфликс компанийн захирал Тед Сарандостой уулзжээ. Энэ уулзалтад Нетфликсийн удирдлагын багаас гадна соёл, аж үйлдвэр, сангийн сайдууд оролцсон байна. Уулзалтын үеэр Тед Сарандос БНСУ-ын контентуудад ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ.
Энэ талаар БНСУ-ын ерөнхийлөгч "Уг хөрөнгө оруулалт нь БНСУ-ын бүх контент бүтээгчид болоод бизнесүүдийн хувьд маш том боломж, Нетфликсийн хувьд ч ижил байх гэж бодож байна" гэж хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Түүнчлэн энэ хөрөнгө оруулалтад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн байна. Анх 2016 онд тус компани БНСУ-ын энтертайнмент зах зээлд нэвтэрснээсээ хоёр дахин их хөрөнгө оруулалт хийж буй нь энэ болж байгаа юм. Нетфликсийн захирал энэ талаар “Бид БНСУ-ын контентуудад маш итгэлтэй байгаа. Тиймээс үргэлжлүүлэн гайхалтай түүхүүдийг бүтээхэд бэлэн байна. Түүнчлэн БНСУ-ын ерөнхийлөгчийн энэ их дэмжлэгт талархаж байна. Энэ хамтын ажиллагаа цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна. БНСУ “Squid Game”, “Glory”, “Physical 100” зэрэг гайхалтай бүтээлүүдээрээ юу хийж чадна гэдгээ дэлхий нийтэд харуулсан” гэжээ.
SOURCE: KOREA HERALD