Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар өнөөдөр /2023.04.25/ албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Энэхүү албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй. Польш бол манай гуравдагч хөрш, дотно түншүүдийн нэг. Хоёр орны худалдаан эргэлт сүүлийн 3 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Польш улс бидэнд 1990 оноос өмнө тоосго, шохойн үйлдвэр, мод боловсруулах комбинат зэрэг олон үйлдвэр, цех байгуулж өгснийг бид мартаагүй бөгөөд байнга талархаж байдаг. Цаашид олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Польш улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хийсэн яриа, хэлэлцээр манай хоёр орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда:
-Ийм сайхан хөгжиж байгаа орныг удирдаж байгаа Ерөнхийлөгч танд баяр хүргэе. Энэ айлчлал маш чухал ач холбогдолтой айлчлал болно гэж найдаж байна.
Бид сая олон улсын гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна. Монгол ашигт малтмалаар баян орон. Тийм учраас бид онцгой, чухал ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хүсэж байгаа. Энэ талаар ноён Ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярьж хэлэлцлээ.
Бид зэс хайлуулах үйлдвэртэй. Энэ чиглэлд Монголчуудтай хамтран ажиллах байх гэж найдаж байгаа. Мөн Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор байгуулах болсондоо баяртай байна.