Сар бүр иргэдийн телевизийн төлбөр дээр нь нэмэлтээр МҮОНТ-ийн 1500, Өргөн нэвтрүүлгийн телевизийн 2500, дулааны радио ашигласны хураамж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих 10 хувийн тариф зэрэг төлбөрийг авдаг.
Эдгээр төлбөрийн талаарх хуулийн зохицуулалт цаашлаад холбогдох мэргэжилтэн болон иргэдийн байр суурийг тодрууллаа.
Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулахад “Хуулиар зохицуулагдсан учир иргэд төлөх шаардлагатай. МҮОНТ-ийн хураамж нь Үндэсний телевизэд зарцуулагддаг. Шугамын радио ч мөн адил тухайн салбартаа зориулагдана. Харин Өргөн нэвтрүүлгийн телевизийн хураамжийг өргөн нэвтрүүлгийн телевизүүд хуваан авна. Энэ тухай өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.3-д тодорхой заасан байдаг. Олон нийтийн радио телевизийн тухай хууль ч мөн бий. Телевиз нь олон нийтийн мэдээллийн өмчид харьяалагддаг. Тиймээс төлбөр, татвар зэргээр сургууль цэцэрлэгийг санхүүжүүлдэгтэй адил олон нийтийн телевиз гэдэг утгаараа хураамж авдаг" гэх хариултыг өгөв.
Харин сэргээгдэх эрчим хүчний тухайд “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар заалт: энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүр /сэргээгдэх эрчим хүч/”-ээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно” хэмээн заасан байдаг.
“Эрчим хүчний зохицуулах хороо”-ны “Батлагдсан сэргээгдэх эрчим хүчний тарифыг өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф дээр нэмж тооцон, цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөрийн дүнг тусгаж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай” тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.
Эдгээр хуулиар зохицуулагдсан хураамжуудын мөнгө нь тус тусын чиглэлийг дэмжих үүрэг гүйцэтгэнэ.
Энэ талаар иргэд ингэж ярьж байна.
- Энэ талаар мэдэхгүй. Төлбөрийн задаргаа дээр тодорхой мэдээлэл байдаггүй. Шударга бус гэж бодож байна. Нээлттэй л байх ёстой. Аль болох авч буй төлбөрөө задалж харуулах шаардлагатай. Үйлчилгээ аваагүй байхад нэмж төлбөр тооцох нь яагаад ч болохгүй.
- Надад тодорхой мэдээлэл алга. Хуучин кабелийн телевиз үзэхэд төлбөр нь гайгүй гардаг байсан. Одоо бол бүр нэмэгдээд өндөр болчихсон.
- За ёстой мэдэхгүй юм байна. Намайг бага байхад МҮОНТ-ийн хураамж л гэж авдаг байсан. Бусдыг нь мэдэх ч үгүй юм байна.
- Мэдэхгүй. Би МҮОНТ үздэггүй. Яах вэ, кабелийн телевизийн хураамж авдаг гэдгийг мэднэ. Бусдыг нь бол сонсож байгаагүй юм байна.
- Мэднэ. Гэхдээ телевиз үздэггүй. Яах вэ, хэрэглээ л юм чинь гээд төлдөг. Гэхдээ одоо бараг зурагт үздэг хүн байхгүй байх аа.