Прокуророос "иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласны улмаас цалин хөлс авч төрд 4 сая төгрөгний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Харин хариуцагч А.А нь "диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэж маргажээ.
Иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин, улмаар тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж, хууль бусаар 4 сая төгрөгийн цалин хөлс авч, төрд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс /үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч төрд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар "Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож болох тул прокурорыг энэхүү хохиролтой холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж, Засаг даргаар ажилласны улмаас төрөөс хууль бусаар цалин хөлс 4 сая төгрөг авч, төрд хохирол учруулсан гэм буруутай байх тул уг хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэв.
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр