Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор угтах ёслол Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр өглөө 11 цагт боллоо.
Энэ үеэр хүндэт харуул жагсаж, монгол үндэсний хувцастай хүүхдүүд Польшийн Ерөнхийлөгчид цэцэг барин мэндчилэв. Улмаар хоёр орны Төрийн дуулал эгшиглэсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочны хамтаар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар одоо Д.Сүхбаатар танхимд албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох юм. Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ. Түүнчлэн үдээс хойш болох Монгол-Польшийн бизнес форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар оролцох аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр өчигдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. 1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлал энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.