Монголын волейболын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан Азийн клубүүдийн аваргад оролцохоор Вьетнам улсыг зорьсон билээ. Тэд өнөөдөр эхний тоглолтоо Хятадын шигшээгийн эсрэг хийнэ.
Таван жилийн дараа олон улсын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн тоглогч Л.Хосбаяр, Г.Хонгорзул, Д.Сосорбурам, Ц.Цэдэвнамбар, С.Тэмүүлэн нар дараах асуултуудад ингэж хариуллаа.
-Волейболын спортоор хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
Г.Хонгорзул:- Үнэхээр их эрч хүчтэй бэлтгэж хийж буй нь таалагдсан. Нэг ч бөмбөгийг газар унагаахгүйн төлөө эрч хүчтэй, хурдтай бэлтгэж хийж байгаа нь намайг хамгийн татсан.
Д.Сосорбурам:- Хүрээлэн буй орчинтойгоо нийцээд, илүү нээлттэй, хүмүүстэй харилцаа тогтоох чадвартай болсон. Волейболын спорт энэ талаасаа намайг их татсан.
Л.Хосбаяр:- Волейбол тоглохоороо би үнэхээр их аз жаргалтай болдог. Стресс, бухимдал гээд бүх юмаа мартдаг. Тууштай хичээллэх хамгийн том хүчийг аав, ээж хоёр минь өгсөн.
Ц.Цэдэвнамбар:- Хамгийн анх волейболын бэлтгэлд очоод, надад аягүй их таалагдаад волейболоор хичээллэсэн.
С.Тэмүүлэн:- Ээж минь волейболын спортын мастер цолтой. Ээжийгээ дуурайгаад энэ спортоор хичээллэж байлаа. Волейбол багийн спорт. Олон хүнтэй харьцдаг, багаар ажиллах чадвартай болгодог. Багаараа яг л нэг гэр бүл шиг байдаг. Энэ нь надад их сайхан санагддаг.
-Шантарсан үедээ юунаас эрч хүч авдаг вэ?
Г.Хонгорзул:- Энэ хүртэл би ямар замыг туулж, яаж ирсэн билээ. Тийм учраас шантрахгүйгээр, унасан ч эргээд босъё гэж боддог. Олон жил хичээллэж байгаа учраас өдий хүртэл хичээж ирснээ бодож, эрч хүч авдаг.
Д.Сосорбурам:- Гэр бүлийн дэмжлэг, найз нөхдийн, бусад хүмүүсийн урам хайрласан, надаар бахархсан сэтгэгдлүүд мотиваци өгдөг.
Л.Хосбаяр:- Би намхан учраас шантрах үе их гардаг. Тийм үед хамгийн их мотиваци авдаг хүн бол бас аав, ээж хоёр минь.
Ц.Цэдэвнамбар:- Хамгийн их хичээе гэсэн бодол хожигдлын дараа төрдөг. Хүнд хожигдлын дараа “Илүү хичээе” гэж боддог. Би 2019 онд хамгийн анхны лигтээ оролцсон. Тэр жил манай баг IV байрт орсон юм. Тэр хожигдол надад хамгийн хүчтэй нөлөөлж билээ.
С.Тэмүүлэн:- Шигшээ багт орсон учраас эгч нараасаа их зүйл сурах сан гэж хичээдэг. Эгч нар маань надад их тусалдаг, “Тэг, ингэ” гээд зөвлөдөг. Үүнээс нь их урам авдаг. Хүслээ эгч, Хандаа эгч хоёртоо баярлалаа, хайртай шүү.
-Ямар дуунд дуртай вэ?