Европын Байгаль орчны агентлагийн гаргасан шинэ тайланд дурдсанаар, агаарын бохирдлоос болж Европт жил бүр 1200 гаруй хүүхэд, өсвөр насныхан нас барж байна.
Копенгагенд төвтэй тус агентлаг уг тайландаа “Хүүхдүүд эхийн хэвлийд байх үеэсээ насанд хүртлээ агаарын бохирдолд онцгой өртөмтгий байдаг” гэж онцгойлон анхааруулсан байна. Агаарын бохирдолд ингэж өртөх нь хүүхэд, өсвөр үеийнхний 9% нь астма өвчнөөр өвчилж, уушгины үйл ажиллагаа нь буурч, амьсгалын замын халдвар, харшил үүсгэхэд мөн нөлөөлдөг гэнэ. Энэхүү судалгаанд Европын холбооны 27 гишүүн орныг багтаагаад нийт 30 улсыг хамруулсан боловч Орос, Украин, Их Британи зэрэг Европын аж үйлдвэрийн томоохон улсуудыг хамруулж чадаагүй байна.
Тиймээс агаарын бохирдлын улмаас нас барсан хүмүүсийн нийт тоо үүнээс ч өндөр байх магадлалтайг байгаа юм. Европын олон улс орнууд, ялангуяа зүүн төв Европ, Италид агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заасан агаарын бохирдлын хэмжээнээс давж байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан улс орнуудын хотын бүсэд амьдардаг хүн амын 97 хувь нь ДЭМБ-ын заасан түвшнээс дээгүүр агаарын бохирдолтой орчинд амьдарч байна. Тээвэр, аж үйлдвэр, халаалтаас ялгарах хорт утааг бууруулж байж агаарын бохирдол буурах боломжтой тус судалгааг хийсэн судлаачид зөвлөжээ.
SOURCE: DW