БНСУ-д зохион байгуулагдсан таеквондогийн сонирхогчдын аварга шалгаруулах "AMATEUR TAEKWONDO CHAMPIONSHIP" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэн Б.Нинжин охинтой ярилцлаа. Түүний хувьд таеквондогийн спортоор хичээллээд 2 жил болжээ. Б.Нинжин монгол улсдаа зохион байгуулагдсан олон тэмцээнүүдэд амжилттай оролцон 5 хүрэл, 1 алтан медалийн эзэн болсон бол анхны мөнгөн медалиа ийнхүү олон улсын тэмцээнээс хүртлээ.
Таеквондогийн спортоор хичээллэх урмыг түүний ээж нь өгч, охиныхоо спортын үүд хаалгыг нээжээ. БНСУ-д зохион байгуулагдах тэмцээнд монгол улсаас Б.Нинжин гэр бүлийн хамтаар очиж, ганцаараа оролцсон билээ. Энэ тухайгаа хэлэхдээ “Бусад орны тамирчид над руу гайхсан харцаар харж байсан. Би тэр үед ганцаараа байсан учраас Монголоос багаараа оролцвол сайхан байна даа гэж маш их хүссэн. Шүүгчид шударгаар шүүсэн нь надад хамгийн гоё санагдсан. Би тэмцээнийхээ сүүлийн шатанд Солонгос охинтой өрсөлдөөд мөнгөн медаль авсан юм. Анхны мөнгөн медаль учраас өөрөөрөө их бахархаж байгаа. Ирээдүйд болох таеквондогийн бүх уралдаанд оролцох болно” хэмээн хариуллаа.
Харин охины явдаг “Кёнхи” сургалтын төвийн дасгалжуулагч И Чан Юн: Таеквондогийн спортоор хичээллэх нь хүүхдийн бие бялдарын хөгжлийг сайжруулдаг. Үүнээс гадна их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхдүүд энэхүү спортоор хичээллэснээрээ хүний үгийг даах, бусдад тусалдаг болох хэн нэгнийг дээрэлхэхгүй байх зэрэг зан чанарыг өөртөө суулгаж авдаг, хүндлэлийн спорт гэдгийг онцлон хэлэв.