УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төсөл хэлэлцсэн байна. Хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хаврын ид ажил өрнөж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажил, махны экспортын өнөөгийн байдал, ноолуурын бизнесийн үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд аж ахуй нэгж, бизнесийг дэмжих чиглэлд хийж байгаа ажлын талаар салбарын сайдын мэдээллийг бүлгийн хурлаар сонслоо. Үүнтэй холбоотой бүлгийн хурлаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд тодорхой чиглэл өгсөн.
Тэрбээр "Нэгдүгээрт, хүнс хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл сонссон. Хоёрдугаарт цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газраас төлөвлөж байгаа ажлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцуулга хийсэн.
Хоёрдугаарт, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нь нэг ААН байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь тус тусдаа байхаар зохицуулж байгаа. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар Төмөр зам ХНН цаашид хуулийн хэрэгжилтийн дагуу тээвэрлэгч буюу суурь эзэмшигч хоёр компани болж өөрчлөгдөнө. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, нээлттэй байх, зах зээлд тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн хууль орж ирж байна.
Гуравдугаарт, өмнө нь Улаанбаатар Төмөр зам 1900 км нэг л замтай байсан. Сүүлийн үед Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн 890 гаруй км Төмөр замыг барьсан. Нийт 2800 орчим км Төмөр замтай болж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэн тэргүүнд төр болон хувийн хэвшлийн төмөр замуудын хоорондын харьцааг уялдуулах ёстой. Иймээс Зам тээврийн яамны дэргэд Төмөр замын агентлаг байгуулагдана. Тус агентлаг нь төр хувийн хэвшлийн хоорондын уялдааг хангаж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй” гэлээ.