Нийт 1745 компани, хуулийн этгээд, төрийн өмчит 314 байр обьект дахь 148.619 ам.метр талбайн түрээсийн мэдээллийг өнөөдөр shilen.gov.mn сайтад байршуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр, "Төрийн өмчит байр, талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. Түрээслүүлэгч төрийн байгууллагуудын жагсаалтыг харуулж байна.
Чингис хаан олон улсын нисэх буудал, ХСҮТ, Засгийн газрын авто бааз, Улсын нэгдүгээр эмнэлэг, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг байгууллагууд төрийн өмчийн байгууллага дээрээ зөв менежмент хийж, улсын төсөвт хамгийн их орлого бүрдүүлж байна. Төр гэдэг их айл үл хөдлөх хөрөнгийн олон мянган гэрчилгээтэй ч эзэмшлийн бүх талбайгаа заавал дүүргэх шаардлагагүй. Үл хөдлөх хөрөнгөө үнэ цэнтэй, үр ашигтай болгож төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талбар болгох ёстой.
Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн 98 хувийг өнөөдрөөс хүн бүхэн харах боломжтой болж байна. Олны анхаарал татдаг МИАТ, Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой ХК болон түүний охин компаниуд зэрэг нөлөө бүхий компаниудын ТУЗ-д хэн ажиллаж, хэрхэн цалинжиж, ямар шийдвэр гаргаж байгааг хянах боломж бүрдлээ. Ийн ил тод болгосноор дахин дампуурлын ирмэгт тулах эрсдэлийг арилгаж байна гэж үзэж болно. Энэ мэтчилэн төрийн өмчийн байрны түрээсийн мэдээллүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрс цалингийн мэдээллийг өнөөдөр нээлттэй болгож байна. Мөн ХАА-г дэмжих сан болон ЖДҮ-ийг дэмжих сангийн нийт өр төлбөрийн үлдэгдэл, мэдээллийг ил тод болгосон.
Шүүр ажиллагааны хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн удирдлагаар төрийн өмчит компаниудын засаглалыг засаж, илүүдэл хий, данхар бүтцийг арилгах шийдвэрүүд үр ашгаа өгч байгаа. Эрдэнэс монголын хамаарал бүхий компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, төслийн нэгж нийт 39 байгууллагын хуулиар ТУЗ-төй байх шаардлагатай таван газраас бусдыг нь татан буулгасан. 12 компанийн 84 ТУЗ-ийн гишүүний зардал 2023 онд 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг 500 сая төгрөг болгож хэмнэж чадсан. Цаашид бүх төрийн өмчит компанийн ТУЗ-ийн данхар бүтцийг засаж өөрчлөн 30 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ ” гэв.
Дэлгэрэнгүй ЭНД дарж үзнэ үү