Парист суух Хятадын элчин сайдын хэлсэн үг олон улсын шүүмжлэлд өртлөө. Тодруулбал, Лу Шае хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд өдгөө албан ёсны статусгүй гэж хэлсэн байна.
Тодруулбал, “Хуучин ЗХУ-ын орнууд олон улсын эрх зүйд бодит статустай байдаггүй. Учир нь тэдний тусгаар тогтнолыг хэрэгжүүлэх олон улсын гэрээ байхгүй" гэж хэлснээр Хятадын Орос, Украины дайн дахь статуст эргэлзэхэд хүргэлээ гэж хэвлэлүүд онцолж байна.
Түүнчлэн Францын нэгэн телевизийн ярилцлагад орохдоо тэрбээр “Крым нь түүхэндээ ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг байсан шүү дээ” хэмээжээ. Харин Францын эрх баригчид ням гарагт хариу цохилт өгч, "олон арван жилийн Зөвлөлтийн дарангуйллын дараа" тусгаар тогтнолоо олж авсан бүх холбоотон орнуудтай "бүрэн эв нэгдэлтэй" байна гэдгээ мэдэгдсэн байна.
Ялангуяа, Украины тухайд, “1991 онд Хятад зэрэг олон улсын хамтын нийгэмлэг Крымийг оролцуулсан Украины хилийн хязгаарыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн” гэж Францын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Францын гадаад хэргийн яам Хятадын элчин сайдын өгсөн эдгээр тайлбар нь тус улсын албан ёсны байр суурийг илэрхийлж байгаа эсэхийг Хятад улсаас тодруулахыг хүсчээ. Өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Эстони, Латви, Литва зэрэг Балтийн орнууд мөн Францын адил хариу үйлдэл үзүүлсэн байна.
SOURCE: DW