Монгол-Солонгос политехник коллежийн гагнуурын багш н.Содномпил сурагчдаа алгаддаг, зоддог. Нэг сурагчийг алгадаж чихний хэнгэргийг нь хагалсан талаар асуудлыг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Содномпил багш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Ингэхдээ энэ асуудал дээр багш өөрөө гомдол гаргах тухай сургуулийн хүний нөөцийн мэргэжилтэн Г.Тэгшжаргал хэллээ. Түүнээс бид дараах тайлбарыг авсан юм.
-Яагаад багшлах эрхгүй хүнийг ажиллуулж байгаа юм бэ?
-Энэ багш маань манай төгсөгч шүү дээ. Сэтгэл зүйн хувьд маш хүнд байна. Өөрөө ч гэсэн энэ асуудал дээр гомдол гаргана. Яагаад гэвэл энэ асуудлыг ганцхан өнцгөөс та бүхэн харж байна.
-Бидний хараагүй ямар өнцөг байгаа вэ?
-Түүнийг би энд ярихгүй. Ер нь зүгээр, багшийн хувьд манай сайн төгсөгч нарын нэг. Тухайн үед харилцааны алдаа гаргасан. Харамсалтай байна. Яалт ч үгүй манай сайн төгсөгч нарын нэг. Багш бэлтгэж авахаар бид ажиллаж байсан. Надад багшийнхаа эрх ашгийн үүднээс харах асуудал байгаа. Бичлэг байсан шүү дээ. Тэнд чихний хэнгэрэг яригдаж байгаа хүүхэд байхгүй.
-Тэгэхээр олон удаа ийм үйлдэл гаргасан байгаа биз?
-Хэнгэрэг хагарсан эсэх нь шүүх эмнэлгээр тогтоогдсон байна уу, та нар хараарай. Эмчийн бичиг бол тэр хүүхэд осолд орсон хүүхэд байсан. Гэхдээ энэ талаар ярих нь илүүц биз.
Харин бид сургуулийн дотоод чанарын баталгаажилт статистик хариуцсан мэргэжилтэн Г.Болормаагаас асуудалд сургуулийн удирдлагууд ямар байр сууринаас хандаж байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр, “Ёс зүйн хороо асуудлыг хэлэлцсэн. 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл хуралдаад багшийн цалинг хасах арга хэмжээ авсан. Давхар арга зүйч нарыг шинэ багштай ажиллаж арга зүйн зөвлөгөө өгөөгүй дээр асуудал үүсгэж, шаардлага тавин ажиллаж байгаа. Содномпил багш өөрөө өргөдлөө өгсөн, ажлаас чөлөөлөгдөж байгаа. Манайхан үүн дээр өөрсдөө буруу ажилласан байх гэж бодож байна. Хоёр нийгмийн ажилтан хүүхдүүдтэй илүү тулж ажиллаж байгаа” гэлээ.
Бид түүнчлэн хохирогч болсон сурагч О-гоос эмчилгээний зардлаа нөхүүлсэн эсэх, яагаад тухайн үйл явдал болсон талаар тодруулсан юм. Тэр энэ талаар ярихдаа,
"Эмчилгээний зардлыг Содоо багш нөхөж 280 мянган төгрөг өгсөн. Энэ эдгэхгүй бол хагалгаанд орно. Зардлыг та гаргаарай гээд гарын үсэг зуруулсан. Одоогоор зовуурь гайгүй байгаа. Эмчилгээ хийлгэж байна. Намайг алгадсан асуудал яагаад гарсан гэхээр, миний нуруу өвдөөд акттай байсан. үүнийг ангийнхан маань багшид хэлээгүй байсан л даа. Тэгээд багш намйаг хичээл тасаллаа гээд алгадсан” гэв.
Улмаар БШУЯ-наас Монгол-Солонгос политехник коллеж дээр гарсан асуудалд ямар байр суурьтай байгаа, багшлах эрхгүй хүн багшилж болох эсэх талаар тодруулах гэсэн ч, “Манайхаас яриа өгье гэхээр хариуцсан ажилтан чөлөөлөгдсөн” гэдэг тайлбар өглөө.