Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхгүй байна гэсэн асуудлаар “Эрдэм транс” компани эсэргүүцлээ илэрхийлээд даруй гурав хонож буй. Тус компани “Нөөц автобус байгаа хэдий ч үйлчилгээнд гаргахыг Нийслэлийн нийтийн тээврийн газраас зөвшөөрөөгүй, хүсэлтийг нь удаасан” гэж эсэргүүцэж байгаа юм.
Нийтийн тээврийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байгааг мөн салбарын бодлогыг буруутгаж буйгаа илэрхийлж байна. Энэ асуудлаар “Эрдэм транс” компанийн гүйцэтгэх захирал Ө.Очироос тодрууллаа. Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээврийн зохицуулах газар өмнөх гэрээний зүйл заалтуудыг тэр чигээр нь өөрчилсөн. Мөн хугацааг нь тулгасан, хүчээр гарын үсэг зуруулсан.
Нийтийн тээврийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор улсын төсвөөс 340 тэрбумыг гаргаад багц шинэчлэлтийг хийж эхэлсэн. Энэ оны наймдугаар сараас эхний автобуснууд орж ирэх байх. Тэдгээр олон автобус орж ирвэл манай нийтийн тээврийн салбарын үйлчилгээнд багтахгүй. Тиймээс хувийн аж ахуй нэгжээ цөөлөх, автобусны тоог танах, үйлчилгээний гаралтын тоог нэмэгдүүлэхгүй байгаа нь төсвийн мөнгийг орж ирэх автобуснууддаа хадгалаад байна гэсэн үг" гэлээ.
Иргэдийн зүгээс нийтийн тээврийн тоог нэмэгдүүлснээр түгжрэл болон эдийн засаг, цаг хугацаагаа хэмнэх боломжтой талаар байр сууриа илэрхийлцгээв.
НТГ: ЭНЭ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд Нийслэлийн нийтийн тээврийн зохицуулах газартай холбогдоход “Одоогоор тайлбар өгөх боломжгүй. Удахгүй мэдээлэл өгнө" гэв.