С.Баярцогт нарын АН-ын нөлөө бүхий хүмүүс Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон билээ. Ингэснээр АН Х.Баттулга, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нарынх болж, гурав хуваагдаад байв. Тэгвэл С.Эрдэнэ Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрчээ.
С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр тэрбээр “АН-ын дотоодод үүсээд байсан зарим нэг үл ойлголцлын асуудлуудыг өнөөдөр цэгцэлж, цэг тавьлаа. Өнөөдөр АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой боллоо. Цаашид улс эх оронд тулгамдаад буй нийгэм эдийн засгийн олон чухал асуудлуудыг шийдэх ажилд ханцуй шамлан, нэгдэж орох үйл хэргийг эхлүүлсэн өдөр тохиож байна.
Өнөөдөр энэ хүндтэй үүргийг хүлээж, Монголд ардчилал, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө манлайлах хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээж буй АН-ын шинэ дарга Л.Гантөмөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
Улс орны өмнө тулгамдаж буй олон чухал асуудлуудын шийдлийг олж, ардчилал, шударга ёсныхоо тугийг өргөж явж чадна гэдэгт нь итгэж буйгаа илэрхийлье. Л.Гантөмөр даргадаа амжилт хүсье. Энд цугларсан АН-ынхаа журмын нөхдөд бүгдэд нь баяр хүргэе” гэлээ.