Энэ жилийн сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг анхны тодотгол бүхий амжилтаар дүүрэн боллоо. Анх удаа эмэгтэйчүүдийн лигийг зохион байгуулсан нь Монголын сагсан бөмбөгт яах аргагүй шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал. Мөн дээд лигт хоёр дахь жилдээ тоглосон “Эрдэнэс Майнерс” шинэ аваргаар тодорлоо.
Үүний сацуу төрсөн ах, дүүс болох Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ нар нэг багт буюу “Эрдэнэт Майнерс”-т тоглоод аварга болов. Мөн төрсөн ах, дүүс болох Онолбаатарын Энхбаатар, Онолбаатар Хулан нар эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, аваргын цом өргөсөн нь Монголд анхных.
НЭГ БАГТ ТОГЛООД ХАМТДАА АВАРГА БОЛСОН АХ, ДҮҮ ХОЁР
Төрсөн ах, дүүс нэг багт тоглоод дээд лигийн аварга болно гэдэг яах аргагүй ховор үйл явдал. Монголын сагсан бөмбөгт төдийгүй бусад багийн спортын түүхэнд ч хуруу дарам. Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ нар “Эрдэнэт Майнерс”-т тоглоод аварга болж, давтахад бэрх амжилт гаргалаа.
Энэ жил Г.Ган-Эрдэнэ 23, Г.Болор-Эрдэнэ 20 настай. Энэ жилийн дээд лигт түрүүлсэн хамгийн залуу эрэгтэй тоглогч бол Г.Болор-Эрдэнэ. Тэрбээр өмнө нь ч мөн гялалзаж байсан тоглогч. Энэ жилийн дээд лигээр л гэнэт гарч ирээгүй. 2020 онд 17 хүртэлх насны ангиллын ур чадварын ДАШТ-д Монголын багийнхны хамт түрүүлсэн. Улмаар тус тэмцээний MVP буюу Үнэ цэнтэй тоглогчоор Г.Болор-Эрдэнэ тодорч байв. Тэрбээр Г.Ган-Эрдэнэ ахаасаа үргэлж суралцан, урам зориг авдаг гэнэ.
Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болохуйц залуу оддын нэг гэж үнэлэгдэж буй Г.Ган-Эрдэнэ сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ангиллын Азийн аваргаас 2018 онд хүрэл медаль хүртсэн. Тэр жил тус тэмцээний бэлгэдлийн шигшээд Шинэ Зеланд, Хятадын тоглогчдын хамт багтаж байв. Мөн түүнд 2019 оны оюутны Азийн аваргын түрүү бий.
ТҮҮХЭН АМЖИЛТЫН ЭЗЭД-О.ЭНХБААТАР, О.ХУЛАН
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн эрэгтэйчүүдийн төрөлд О.Энхбаатар /Эрдэнэт Майнерс/, эмэгтэйчүүдийнхэд О.Хулан /Улаанбаатар Амазонс/ түрүүлж, аваргын цом өргөлөө. Төрсөн ах, дүү хоёр нэг жилийн дээд лигт түрүүлж, аваргын хоёр цом өргөсөн нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анхных. О.Энхбаатар, О.Хулан нар Монголын сагсан бөмбөгийн спортын өнөөгийн өнгийг тодорхойлж, ур чадвар, авьяасаа гайхуулаад удаж буй.
О.Энхбаатар 2012 онд МУИС-д орсныхоо дараа сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн. Үүнээс өмнө тэрбээр сагсан бөмбөгөөр тууштай хичээллэдэггүй байв.
О.Хулан 2017 онд МУИС-д элсэн, нэгдүгээр курсээсээ сагсан бөмбөг тоглож буй. Ахыгаа тэмцээнд оролцохыг нь гэр бүлээрээ үзэж, дэмжсээр энэ спортод дурлан, татагджээ. О.Энхбаатар 197, О.Хулан 181 см өндөр.
Сагсан бөмбөгийн 5х5, 3х3 төрлөөр жигд амжилт гаргаж яваа өнөө цагийн Монголын хамгийн шилдэг тоглогчдын нэгт О.Энхбаатар зүй ёсоор багтана. О.Энхбаатар 5х5 төрлөөр багийн лидерийн хэмжээнд тоглоод удаж буй. Өнгөрсөн жил “Архангай Алтан Дорнодын дайчид” багт тоглоод дээд лигээс хүрэл медаль хүртсэн.
Энэ жил тэрбээр амжилтын арвин “ургац” хурааж буй. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аваргад Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд нарын хамт түрүүлсэн. Дараа нь “Эрдэнэт Майнерс”-ын хамт дээд лигээс анхны түрүүгээ хүртлээ.
О.Хулан Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй тоглогчдоос хамгийн олон түүхэн амжилтын эзэн. Олимпын наадамд сагсан бөмбөгийн төрлөөр түүхэндээ анх удаа оролцсон Монголын багийн тоглогчдын нэг. Мөн зуны олимпын наадамд тугч хийсэн Монголын анхны эмэгтэй тамирчин.
Үндэсний дээд лигт түрүүлсэн анхны аварга. Үүний сацуу дээд лигийн Монголын хамгийн анхны эмэгтэй MVP тоглогч.