Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд Ховд аймгийн Зэрэг суманд 34 м/с, Завхан аймгийн Нөмрөг суманд 34 м/с, Говь-Алтай аймгийн Бугат суманд 37 м/с хүрч, хүчтэй салхины гамшигт үзэгдэл болжээ.
Онцгой байдлын байгууллагаас мэдээлснээр, хүчтэй салхи шуурганы үеэр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Захын говь” гэдэг газар айлын гэр нурсан байна.
Өнөөдөр өглөөний байдлаар Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь Булган аймгийн нутгаар салхи шуургатай байна.
Баруун аймгуудын нутагт болсон хүчтэй салхины гамшигт үзэгдэл дөрөвдүгээр сарын 19-нд төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дайран өнгөрөх тул тухайн нутагт оршин сууж буй иргэд, аж ахуйн нэгжүүд цаг агаарын мэдээг тухай бүрд хүлээн авч, бэлэн байдлаа хангахыг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хүчтэй шуурганы үеэр эрчим хүчний шон унах, хашаа байшин нуран, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр гадаа явахад хайрагдах, осгох зэрэг нэлээд хүндрэл учруулахуйц эрсдэлтэй байдаг гэв.