Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хохирлоо нэхэмжлэх боломжтой гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр, "Энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-аас Нийслэлийн прокурорын газарт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн. Өнөөдөр НПГ-аас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байна.
Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдөн, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрэлдэж байна.
Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Иймд
- Хэрэг нь хэрэгсэхгүй болсон энэ хүмүүсийн тухайд энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдлийнхээ эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна.
- Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа.
- Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдаж байна.
- Үлдсэн хэрэг бүртгэлийн хэрэг үлдэж байна. Өөрөөр хэлбэл С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана. Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан.
Цаашид ийм үйлдэл, холбогдол гаргахгүй байх маш том кейс боллоо. Хүчээр хэлмэгдүүлж, хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, ял оногдуулсан асуудлыг үргэлжүүлж шалгана. Улстөрийн зорилготой энэ аллагыг хэн зохион байгуулав аа гэдгийг хэрэг хуучирдаггүй гэдэг агуулгаар хууль хяналтын байгууллага үргэлжүүлэн шалгах юм.