УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гадаадаас ирж, АТГ-т мэдүүлгээ өгч буй талаар цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр халхавч хийж, хил даван, БНСУ-ыг зорьсон нь араасаа олон таамаг, хардлагыг дагуулаад байсан юм.
Тэрбээр, "УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улс төр битгий хийгээсэй л гэж хүсэх юм” гэж бичжээ.