ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины өмнөд хэсгийн Херьсон хот дахь ОХУ-ын цэргийн бааз дээр очин цэргүүдтэй уулзлаа.
Энэ бүс нутгийн тал хэсэгт ОХУ хяналтаа тогтоосон тухай Тасс агентлаг мэдээлсэн юм. Энэ уулзалтын гол зорилго нь Херьсон болоод Запорожийн бүс нутаг дахь нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар хэлэлцэх байсан гэнэ. Түүнийг мөн Луганскийн бүс нутагт айлчилсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. ОХУ Херьсон, Луганск аль алийг нь өнгөрсөн онд өөртөө нэгтгэсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч энэ төрлийн гэнэтийн айлчлал хийх нь ховор үзэгдэл.
Тэрбээр өнгөрсөн сард Мариуполь хотод л гэнэтийн айлчлал хийж, хотын нөхцөл байдлыг өөрийн биеэр очиж харсан юм. Херьсон хотод цэргийн албан тушаалтнуудтай уулзаж байх үеэрээ В.Путин “Би та бүхнийг ажлаас чинь хөндийрүүлмээргүй байна. Гэхдээ эндэх нөхцөл байдлын талаарх та бүхний санал үнэ цэнтэй гэдгийг хэлэх нь зүйтэй. Би та бүхнээс мэдээлэл авч, сонсох нь хамгийн чухал шүү дээ” гэж хэлснийг Оросын хэвлэлүүд эш татаж байна. Нөгөө талд, Украины тал Оросын арми сүүлийн үеийн довтолгоонууддаа амжилтгүй байгаа талаар мэдээлсээр байгаа юм.
SOURCE: BBC