BTS хамтлагийн гишүүн J-Hope хамтлагаасаа цэрэгт татагдах хоёр дахь гишүүн боллоо. BTS хамтлаг нь АНУ-ын дууны жагсаалтуудыг тэргүүлж, улсынхаа эдийн засагт хэдэн тэрбумаар нь орлого оруулж, дэлхий даяар “арми” гэгдэх томоохон шүтэн бишрэгчдийг бүрдүүлж чадсан юм.
Гэхдээ БНСУ-ын бүх хөдөлмөрийн чадвартай эрчүүд дор хаяж 18 сар цэргийн алба хаах ёстой бөгөөд BTS хамтлагийн гишүүд чөлөөлөгдөх эрхтэй эсэх талаар олон жил маргалдсаны эцэст тус хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин өнгөрсөн оны 12-р сард цэрэгт татагдсан билээ.
Ийнхүү дараагийн цэрэгт татагдаж буй гишүүн J-Hope мягмар гарагт Ганвон муж дахь армийн бэлтгэлийн хуаранд таван долоо хоногийн үндсэн бэлтгэлээ хийхээр болсон гэж эх сурвалжууд мэдээллээ. Өдгөө 29 настай J-Hope даваа гарагийн орой Weverse сайтад цэрэгт явах гэж буй шинэ дүр төрхөө харуулсан зургаа нийтэлсэн байна. Тэрбээр "Би чамд хайртай АРМИ. Би очоод эсэн мэнд буцаж ирнээ!" гэсэн тайлбарын хамт зургаа оруулжээ. Энэхүү зураг, бичвэр нь шүтэн бишрэгчдийнхээ олон мянган сэтгэгдлийг татсан бөгөөд олон хүн тус хамтлагийн завсарлагаанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
SOURCE: France 24