Бид энэ удаа Ард кино театрын автобусны буудал дээр 10 гаруй жил худалдаа эрхлэн суугаа тулгуур эрхтний бэрхшээлтэй С.Жаргал ахтай ярилцлаа. Түүний хувь хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч, үүнээсээ шалтгаалан гутарч суулгүй, сэтгэлдээ итгэлтэй, зорилготой байхад хийх ажил олддог талаар болон гутарч суух завгүй хөдөлмөрлөдөг тухайгаа ярьсан юм.
Тэрбээр, “Намайг Сүхбаатарын Жаргал гэдэг. Энп наймаа хийж суухаасаа өмнө бас ногоо тарьдаг байсан. Хөлтэй улсуудтай уралдаад л тарьдаг байлаа. Би энэ хүмүүсээс юугаараа дутах уу гээд л. Гар сайрдаж, цоорохоос авхуулаад, ямар юман дээр суугаад тарих биш газар мөлхөж тарьж байгаа болохоор бөгс цоорох гээд асуудал их л тулгарна. Одоо нас жаахан явчхаад байна. Түүнээс биш залуу байхад ногоо тарьдаг байлаа, хувьцаат компанид ажилладаг байлаа. Компанид 10 гаруй жил ажилласан. Манай байгууллага их сайхан. 2003 онд ахуйн осолд орчхоод байж байхад, манай Цолмонбаатар захирал намайг ажиллуулж байсан юм. “Жагаа миний хүү долоо хоногт нэг удаа ир” гэдэг. Би өдөр болгон очдог. Хамт олонтойгоо байх сайхан байдаг байсан хэрэг.
Надад амьдралдаа тавьсан маш олон зорилго бий. Үр хүүхдээс авхуулаад л. Гутарч суух зав байхгүй надад. Би одоо хоёр хөлгүй гээд гутарч суух ямар ч зав байхгүй. Би чинь завгүй хөдөлмөрлөдөг. Хүний амьдрал өөрийн оюун ухаанаас л шалтгаална шүү дээ. Амьдаръя гэсэн итгэл, сэтгэл байвал амьдарна.
Би өглөө 05:30 минутад босоод л 05:50 гээд гардаг. Энэ л миний ямар их зүйл зорьж амьдардгийг илтгэнэ. Эрт гардаг учир нь би энэ ТҮЦ-ийг онгойхоос өмнө ирж зогсох ёстой. Эхний автобус энд буухад, ард түмэндээ үйлчилж байгаа. Ядаж кофе, чихэр, печень, уух ундаа, бохио аваад л ажил руугаа орно шүү дээ. Залуус дүү нар минь сэтгэлдээ итгэлтэй л байгаарай. Зорилготой байж, залхуурч болохгүй шүү гэж хэлмээр байна” гэлээ.