МҮХАҮТ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэхэд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурав.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хамтын ажиллагаа нь бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгаж, нийтийн мэдээллийн ил тод байдлын "шилэн" үнэлгээнд эергээр нөлөөлнө гэж үзэж байна” гэдгийг энэ үеэр тодотгоод Санамж бичгийн хүрээнд Танхимын болон Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн системийг Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, Төрийн албан бичиг солилцооны дундын систем, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон бусад шаардлагатай дагнасан системүүдтэй холбогдох боломжийг бүрдүүлнэ. Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг хувь хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ, Танхимын болон танхимын гишүүн байгууллагуудын хүний нөөцийн мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах, дээшлүүлэх чиглэлээр сургалт хамтран зохион байгуулж, Арбитрын үйл ажиллагааны цахим шилжилтийг хийхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ" гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Танхим хоёр жил тутамд хүнд суртлын индекс судалгааг явуулдаг. Судалгааны дүнд “И-Монголиа” систем ашиглалтад орсноор Төрийн үйлчилгээ сайжирч байгаа үзүүлэлт гарсан. Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, бизнес эрхлэгч, ААН-ийн хүсэлтийг шийдвэрлэх үйл явц цахимжсанаар авлигын асуудал эрс буурна. Төр өөртөө байгаа үйлчилгээг цахимжуулснаар хүнээс хамааралтай ажиллагааг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх эерэг үр дүн гарна. МҮХАҮТ-ын зүгээс ч үйл ажиллагаагаа цахимжуулж эхэлсэн, Арбитрын үйл ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулна, Монголын бизнес эрхлэгчдийн нэгдсэн платформ www.trademongolia.mn -ыг хөгжүүлж байна. Цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг бүрэн дэмжиж, гишүүн байгууллагууддаа мэдээлэл хүргэх зэргээр идэвхтэй хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.