Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан болж, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар удирдан явууллаа. Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва авто замын түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны бодлогын судалгааг танилцуулсан юм.
Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэхдээ үр дагавраар баримжаалсан бодлогыг хэрэгжүүлсэн байсан. Энэ бол хэсэг зуур гал намжаах арга хэмжээ гэсэн үг. Тэгэхээр одоо шалтгаан руу чиглэсэн буюу урт хугацаандаа эерэг үр дүн өгөх бодлогыг баримтлах хэрэгтэй. Бид түгжрэлийг бууруулахын тулд богино болон дунд хугацаанд ямар арга хэмжээ авч болох вэ, энэ нь ямар эерэг үр дүнд хүрэх вэ гэдэг талаар судалгаа хийсэн. Ингэхдээ "Алсын хараа-2050", Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдтэй уялдууллаа.
Түгжрэлийг бууруулахын тулд хотын дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг явуулах, мөн дотор тойргийг бий болгох, гэр хорооллын авто замуудыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар түгжрэл 18 хувиар буурч, дундаж хурд 13 км цаг болох боломжтой гэсэн тооцоо бий. Түүнчлэн дугуйн замыг зөв төлөвлөн сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, чиглэлийн оновчтой зохион байгуулалт хийх, дугуйн зам, гүүрэн байгууламжийг нэмэх шаардлагатай.
Дунд хугацаандаа төрийн мэдлийн их сургуулиудыг хотын дэд төвүүдэд түшиглэн шилжүүлснээр хөдөлгөөний нягтаршлыг багасгах боломжтой. Мөн боловсролын салбарт шинэчлэл хийж, харьяаллын сургуулийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байж түгжрэл буурна" хэмээн онцлов.
Хуралдаанаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн авто замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулан ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгалаа.
Түүнчлэн Улаанбаатарын төвийн болон баруун, зүүн бүсийн дугуйн зам, гүүрний ажлын санхүүжилтийг шийдэх зэргийг үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.