Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр сүүлийн үед хар тамхи хэрэглэсний улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж буй. Энэ асуудлаар Амай “Eguur.mn” сайтад ярилцлага өгөхдөө “Би хар тамхи биш есөн салаат хэрэглэсэн. Шүүх хар тамхи хэрэглэсэн гэж яллавал амиа егүүтнэ” гэсэн.
Тэгвэл Амайгийн эхнэр “Zuv.mn” сайтад ярилцлага өгчээ. Тус ярилцлагыг товчлон хүргэе.
-Амайг өвдсөн цагаас нь бид хоёр хамт байсан. Анх над руу юм бичихэд нь би тоогоогүй. Нэгдүгээрт, надаас олон насаар ах. Хоёрдугаарт, энд тэнд хааяа таардаг байснаас нэгнээ таньдаггүй байсан. Удалгүй “Хүнд өвчинтэй болчихлоо. Өнөө, маргаашгүй гэнэ” гэхээр нь өрөвдөөд ч юм уу чатад нь зүгээр л хариулах болсон. Удалгүй надаас гуйхаар нь “Хэрвээ би “Үгүй” гээд хэлчихвэл энэ хүний амьдрах итгэлийг нь үгүй хийчих юм байна” гэж бодоод зөвшөөрсөн.
-Би үзээгүй амьдралаа үзсэн. Би шүдэнз ч зурж үзээгүй, гэрт хонож ч үзээгүй охин байсан. Тоггүй гэрт амьдраад, ус түлээнд яваад, гал түлээд, өвчинтэй хүн асраад амьдарсан. Тэр амьдралдаа би нэг ч удаа гомдоллож байгаагүй. “Бүх хос ингэж эхэлдэг, амьдрал ийм л байдаг байх” гэж боддог байлаа.
-Амай гар утас, компьютер бүх юмаа надаас нуудаг. Компьютер дээрээ фэйсбүүкээ нээлттэй үлдээчихсэн байхаар нь санамсаргүй харсан чинь бага насны хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд уруу татсан, муухай, муухай чатууд байсан. Жаахан охидын сториг үзчихээд “Хоох, ямар халуухан юм бэ” гэж бичсэн байсан.
Гайхаад асуусан чинь”Чи яагаад миний юмыг үзэж байгаа юм бэ” гээд би буруутан болсон. Тухайн үед тэгээд эвлэрсэн ч би түүнд итгэх итгэлээ алдарсан. Тэр үеэс бид хоорондоо маргалдах болсон. Өмнө нь би нэг ч удаа нөхрийнхөө өөдөөс юм хэлж үзээгүй. Дуугүй л гэр орноо цэвэрлээд, бүх юмаа зохицуулдаг байлаа. “Надад туслаач” гэхээр “Гэр орноо цэвэрлэх, угааж арчих бол эмэгтэй хүний л хийх ажил. Хийх ёстой юмаа хий” гэдэг байсан.
-Бүхий л хосод асуудал, маргалдах үе байгаа. Бид хоёрын асуудал бол Амай эмэгтэй хүн рүү, насанд хүрээгүй охид руу элдэв юм бичдэг, гаж дон гэх юм уу тийм асуудал байсан. Миний фэйсбүүкийг үзэж байснаа зүгээр сурталчилгааны зураг харчхаад “Энэ охины фэйсбүүк нь юу юм бол” гэж надаас асуудаг. Тэр болгонд надад эвгүй санагдаад “Битгий ингэ. Наад охидын чинь нэг нь цагдаад гомдол гаргавал яах юм бэ. Боль” гэдэг байсан. Гэхдээ миний үгийг нэг ч удаа авч байгаагүй.
-Жирэмсэн үедээ би уйлаад хэлж байсан юм. “Миний охины аав нь насанд хүрээгүй хүүхэд оролддог гэж бодохоор би охинтой болмооргүй байна” гэж. Тэгэхэд “Би очоод хүүхдийг чинь шатаачихна шүү” гэж сүрдүүлсэн чат нэг сар хүртэл ирсэн. Тэр үед нөхрөөсөө асуусан чинь “12 дугаар ангийн охин. Номын баяр дээр танилцсан. Нүд, хамраа янзлуулчихсан тийм охиныг би тоохгүй. Өөрөө л надтай уулзъя гээд байсан гэсэн. Тэгэхэд нь би итгэсэн.
-Намайг төрснөөс хойш дахиад эмэгтэй хүмүүстэй орооцолдох болсон. Бүр надад гар хүрэх болсон. Ер нь тэс ондоо хүн болчихсон. Арваннэгдүгээр сард намайг зодоход нь би цагдаад өгч байсан. “Ханилсан ханиа цагдаа дээр аваачихыг хэн ч хүсэхгүй. Ухаарсан байх” гэж бодоод өргөдлөө буцаасан.
-Хүний ар гэрийг би муулмааргүй байна. Гэхдээ тэр хүний ээж нь намайг өнөөдөр ийм юм ярихад хүргэсэн. Амайг хүнд өвчинтэй, ядуу үед нь би орхиж яваагүй. Бүх үед нь хамт байсан. Ээжид нь “Хүү чинь насанд хүрээгүй охид руу элдэв чат бичдэг” гээд хэлсэн чинь намайг буруутгаж байсан. Дөнгөж анх танилцахад надаар машинаа угаалгасан хүн шүү дээ. Би “Амьдрал ийм юм байлгүй. Хадам ээж нар бэрээ ингэж шалгадаг юм байлгүй” гээд угаасан.
-Амай буруугүй хэзээ ч хүлээдэггүй. Хэтэрхий эго өндөртэй.
-Хэзээнээс хар тамхи хэрэглэх болсныг нь мэдэхгүй. “Өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг” гээд надад эвтэйхнээр ойлгуулдаг байлаа. Өөрийг нь бодоод “Нэгийг л хэрэглээрэй” гэдэг байв.
-Амай одоо ч “Өвчин намдаах зорилгоор хэрэглэсэн” л гээд байгаа юм. Тэр хүнд одоо өвдөлт байхгүй. Шал худлаа. Одоо эдгэрчихсэн, гэхдээ байнга эм уудаг. Миний ажигласнаар, сүүл рүүгээ хар тамхи зогсоо зайгүй хэрэглэх болсон. Тэр үед “Наадах чинь арай хэтэрлээ” гэсэн. Ах нь хар тамхины хэргээр шоронд байдаг. Бас эхнэрээ хуурсан. Намайг хүртэл оролдож байсан. Золоод энэ талаар хэлсэн чинь “Эрэгтэй хүн болгон 40 насандаа ийм байдаг” гэсэн. Яаж тэгж дорд үзэгдэн, тэсэж амьдарсан юм бэ гэж би одоо өөрийгөө гайхаж байна.
-Би нөхөртөө буруу юм хэлж байгаагүй. “Охид руу юм бичихээ боль. Хар тамхи хэрэглэхээ боль” гэдэг байсан. Би ээжид нь их гомдож байна. Хүүхдүүд нь ийм асуудалд орооцолдоход бэрүүдээ буруутгадаг.
-Амай “Олон орны хүүхнийг үзэх гэж олон орноор аялсан” гэж надад хэлсэн. Тэр хүний хэлсэн иймэрхүү үг намайг бүр их шархлуулсан. Би төрснөөсөө хойш уйлж, нус, нулимсандаа холилдож байна.
-Би хамгийн үнэнч, сайн хань байсан. Үүрээр, шөнөөр ч би хоол бариад гүйж байсан. Орондоо бие заслаа гэхэд би цэвэрлэдэг байлаа. Шөнө бие нь өвдөхөд гараа цуцтал биеийг нь барьдаг байсан. Номынх нь хүргэлтэд би л явдаг байсан. Ганц итгэж найддаг байсан хүндээ араараа тавиулахад хорвоо тэр чигээрээ миний эсрэг зогссон юм шиг санагддаг юм билээ. Хүүхдээ тэврээд үсрэх гэж хүртэл оролдсон.
-Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа. Амай цагдаа, шүүхийн асуудалтай байгаа хэрнээ 14-хөн хоногийн дотор өөр хүнтэй болчихсон байсан. Тэр эмэгтэй нь надтай адилхан нэртэй. Миний тухай худлаа юм ярьчихсан байсан. “Манай эхнэр намайг мөнгөгүй болохоор хаяад явсан” гэсэн байсан. Би тэгээгүй. Хүүхний асуудал дийлдэхээ байхаар нь би тусдаа амьдарсан.
-Ингэж ярихаар “Ханилсан ханиа буруутгалаа” гэж хүмүүс шүүмжлэх байх. Гэхдээ надад ингэж ярихаас өөр арга алга. Хүмүүс үнэнийг мэдээсэй, эмэгтэйчүүд миний алдааг битгий давтаасай гэж бодсондоо ярьсан юм шүү гэжээ.
Эхнэрийнх нь мэдээллийн мөрөөр Амайг хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бага насны охидыг бэлгийн амьдралд уруу татсан гэх зэргээр сэжиглэн шалгах эрх одоо цагдаагийн байгууллагад нээлттэй бий.