Дэлгэрэнгүйг дээрх видео сурвалжилгаас үзнэ үү
Бид хоёр долоо хоногийн өмнө Монгол-Солонгосын политехник коллежийн гагнуурын багш Содоо сурагчаа алгадаж, хэнгэрэгийг нь хагалсан гэх мэдээллийн дагуу сургууль дээр ирж, сурвалжилга мэдээллийг та бүхэнд хүргэсэн. Тухайн үед гагнуурын багш Содоод ямар нэг арга хэмжээ аваагүй, хүүхэд хохирч үлдсэн нөхцөл байдалтай байсан юм. Тэр үед сургалтын менежер Б.Баттогтох, “өнөөдөр ёс зүйн хороо хуралдана. Хурлын дүн гарсны дараа та бүхэнд мэдээлэл өгнө өө” гэж байв. Улмаар хоёр долоо хоногийн дараа дахин ирэхэд Б.Баттогтох менежер тайлбар өгөхөөс мөн л татгалзлаа. Бид түүний өрөөний гадаа 30 минут уулзахаар хүлээхэд, дотроосоо хаалгаа түгжин асуудалд ямар нэгэн тайлбар өгсөнгүй.
Харин хэнгэргээ хагалуулсан сурагч О тухайн сургуулийн дотуур байранд амьдардаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхнээсээ хол, санаа тавих хүнгүй сурагч юм. Сурагчийн зүүн чихний хэнгэрэг цоорч, чихээр нь хатгаж өвдөх, яриа сул сонсогдох гэх мэт зовуурьтай байгаа. Мөн эмнэлгээс мэс заслын заалттай гэж оношилсон байна. Бид багш Содоогоос сурагчийн эмчилгээний зардал, хохирлыг барагдуулсан эсэх талаар асуухад, “Би захиргааны арга хэмжээ авахуулсан. Бусад зүйлсийг удирдлагаас тодруул. Би яриа өгөх албагүй” гэлээ.