Бүтээсэн дүр бүрээ амилуулж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг чадварлаг жүжигчин О.Гэрэлсүхийг “Хөрөг” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа. Түүний хувьд театрын урлаг бол амьдралынх нь салшгүй нэг хэсэг юм. Бид түүнтэй ажил, амьдралдаа баримталдаг зарчим, жүжигчин мэргэжлийн үнэ цэнийн талаар ярилцсан юм.
–Та бага насандаа ямаршуу хүүхэд байсан бэ?
-Би багадаа ямар хүүхэд байснаа сайн мэддэггүй. Багш “Хүүхдүүд ээ, та нар их үймүүлж байна. Ангидаа энэ Ганбат, Дөл Гэрэлсүх нар шиг томоотой, дөлгөөн бай. Хичээл, даалгавраа хийгээд, хүний үг сонсдог бай” гэж хэлж байсныг санадаг юм. Тэгэхээр их л даруухан байсан юм шиг. Уг нь би сурлага сайтай, тооны хичээлдээ их сайн хүүхэд байсан. Сүүлдээ маш их дугуйланд яваад муу сурдаг болсон. Төгсөхөд бараг бүх хичээлээ ойлгохгүй шахам болсон байсан. Би ном унших дуртай, даруухан хүүхэд байсан байх гэж боддог.
-Драмын дугуйланд явдаг байсан уу?
-Миний хүүхэд нас маш завгүй өнгөрсөн. Би анх 1987 онд 14 настайдаа кинонд тоглоод, түүнээс хойш гурван жил Монгол кино үйлдвэрт хүүхдийн дүрд дуу оруулдаг хүүхэд жүжигчин болсон. Хичээлээ тарахад кино үйлдвэрийн машин ирж, намайг аваад явна. Тэнд очоод, орчуулгын гадаад кинонд хүүхдийн дүр гарвал би дуу оруулаад, Цэмпилмаа эгч, Нэргүй ах нартай өдөр шөнөгүй зураг аваад, шөнөжин дуу оруулаад, шөний бор хоногтоо хариад, өглөө нь хичээлдээ суугаад л, буцаж гарч ирээд дуугаа оруулдаг байсан. Ажил хөдөлмөрт их эрт орсон гэж боддог. Хүүхэд насанд завсар зай бараг гараагүй дээ. Тэгээд л удахгүй оюутан болсж, ажил хөдөлмөрт залгасан.
-Энэ үеэс жүжигчин болохоор шийдэж байсан уу?
-Би арван жилд төмөр замын 20-р сургуульд сурч байхдаа сургуулийнхаа “Ган зам” чуулгад шүлэг уншдаг, олны хэсэгт дууны хоорд зогсдог байсан. Тэгж байгаад Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд шалгалт өгөөд, орсон. 6-10 дугаар анги хүртлээ дөрвөн жил драмын дугуйланд сурсан. Тэнд сурч байхдаа анх удаа хүүхдэд зориулсан богино хэмжээний жүжгүүдийн гол дүрд тоглосон. Тэгж анх кино урлагт ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сүүлд нь арван жилээ төгсөөд, СУИС-д элссэн.
Их сургуулиа төгсөөд төрөлх театртаа ажилласан. 1996 онд найруулагч Найдандорж Уильям Шекспирийн зохиол Ромео Жулльтта жүжгийг найруулан тавьсан. Жүжгийн гол дүр Ромеод би тоглосон. Ромеогийн дүрд 1996-2003 оны хооронд 7,8 жилийн туршид нийт 200 гаруй удаа тоглосон байдаг. Анх Ромеод тоглоход би 21 настай байсан. Монголын тайзнаа хоёрдахь Ромео болсон хүн.
Үүний дараа хэсэг завсарлаж, гадаад явсан. Герман улсын Берлин хотод чөлөөд их сургуульд театр судлалаар суралцсан. Мөн хажуугаар нь аялал жуулчлалаар суралцсан. Ингээд би театр, урлагийн ажил хийлгүй арваад жил явсан.
Судлал, орчуулгын ажил, аялал жуулчлалын ажил хийж байгаад 2014 онд театрынхаа захиргаанд орлогч даргаар ажилдаа орсон. Дундаас нь жүжигчин рүүгээ шилжээд, сүүлд дахиж орсноосоо хойш арав гаруй жил театртаа ажиллаж байна. Миний жүжигчний ажлын карьерын салшгүй нэгэн хэсэг бол яах аргагүй манай Драмын театрын минь тайз юм.
-Үзэгчдэд үнэлэгдэж, хүндлэгдсэн жүжигчин О.Гэрэлсүх гэдэг хүний бий болгоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Миний уран бүтээлчийн амьдрал их сонирхолтой байлгах зүйлийг аав минь өгсөн. Миний аав Отгон гэдэг хүн байлаа. Аав маань үлгэр домгийг цээжээрээ ярьдаг, гитар сайхан тоглодог зам гүүрийн инженер, дэд хурандаа хүн байсан. Аав маань надад их гоё нөлөөлсөн гэж боддог.
Орой бүр надад үлгэж уншиж өгдөг байсан. Үлгэрээс мангас, эрэлхэг хөвгүүд гээд л бүх дүрслэлүүдийг маш гоё ярьдаг. Аавын минь ярьдаг үлгэрүүд миний төсөөлөн бодох чадварыг маш сайн хөгжүүлсэн байх.
Дараагийн хүн бол яах аргагүй СУИС-д дөрвөн жилийн турш заасан ангийн багш, уран чадварын багш маань болох Соёлын гавьяат зүтгэлтэн Сугар багш маань. Би ангидаа уран сайхны удирдагч буюу ангийн дарга шиг байсан. Багштайгаа “Ангид ямар жүжиг тавих вэ, ямар кино хийх вэ” гээд л бүгдийг ярилцдаг. Өөрөө жүжгээ олоод, толгойлоод “Би энэ дүрд тоглоно” гээд л манлайлдаг байсан. Сугар багшийн маань зааж хэлсэн зүйлс ажил хөдөлмөрийн суурийг минь маш сайн тавьж өгсөн гэж боддог. Багш маань өөрөө ОХУ-д суралцсан, орчин үеийн драмын урлагийн нэрт том найруулагчдын нэг, сурган хүмүүжүүлэгч яах аргагүй мөн.
-Та бүтээсэн дүрээ ямар байгаасай гэж хүсдэг вэ. Бүтээхийг хүсдэг дүр бий юу?
-Дүр бүтээнэ, жүжигчин байна гэдэг нь итгэл үнэмшлийн ажил. Найруулагч хүний итгэл үнэмшлийг өөрийн биеэр дамжуулж, дүрээрээ илэрхийлж, найруулагчийн санааг л хүний нүдний өмнө харагдуулах зорилгтой. Аливаа дүр бүрд тухайн жүжигчин үргэлж өөрийнхөөрөө байхгүй. Найруулагч энэ удаад, энэ уран бүтээлд юу хүсээд байна, ямар агуулга гаргахыг, ямар санааг үзэгч олонд хүргэх гээд байна яг түүнийг гаргана гэдэг утгаараа дүр болон уран бүтээл бүр шинэ байдаг. Би аливаа дүрийг хүнд хэрэгтэй дүр байгаасай “Идүүртэй хоол” гэдэг шиг дүр нь хоногшсон байгаасай гэж боддог. Сөрөг дүр бол юу нь муухай юм эерэг дүр бол юу нь сайн сайхан байсан юм гээд л ойлголт, сургамж авах дүр байгаасай гэж хүсдэг.
Дүр бүр нэг хувийн хэрэг. Түүнийг уншиж, судлах хэрэгтэй. Бүтээж дуусаад хаагаад тавьчихна, тоглох үедээ эргээд харна. Дүрийг судалж, сурч дийлэхгүй. Насан туршдаа энэ бүхэнд суралцаад явна даа.
-Та сүүлийн үед ямар уран бүтээлд ажиллаж байна вэ?
-Манай Улсын драмын эрдмийн театр дөрөвдүгээр сарын сүүлээр Оросын нэрт зохиолч Николай Васильевич Гоголийн “Тоглоомчид” жүжгийн бэлтгэл сургуулилт хийж байна. Уг жүжгийг саяхан ОХУ-д найруулагчаар сураад ирсэн залуу найруулагч Э.Ёндоншарав найруулж байна. Миний хувьд энэ жүжигт хурандаа Кругелийн дүрд тоглож байна. “Тоглоомчид” жүжиг нь хөзөр, мөрийтэй тоглоом тоглодог ноёдын тухай өгүүлсэн, инээдэмт ёгт маягийн жүжиг байдаг. Бид нэлээн шинэлэг хэлбэрээр горотеск маягаар сүүлийн үеийн театрын хэв маягаар буюу уламжлалт театрын бус хэлбэрээр тавьж байгаагаараа онцлог болох болов уу гэж бодож байна.
–Та олон нийтэд их ил гараад байдаггүй шүү дээ. Сүүлийн үед ярилцлага өгөхгүй, нууцлаг байвал үнэлэмж өндөртэй, мундаг уран бүтээлч юм шигээр ойлгох цөөнгүй хүмүүс бий болсон байна. Таны хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Уран бүтээлч бүрийн бодол өөр. Миний хувьд үзэгчидтэйгээ өөрийнхөө бүтээсэн дүрээрээ уулзахыг илүүд үздэг. Миний гаргасан дүр ямар байх нь вэ гээд л. Байнга үзэгчдэдээ тайлбарлаад “Би үүнийг хийхдээ ингэж хийдэг, тэгдэг. Би одоо ингэх гэж байна” гээд л ярих дургүй. Эцсийн эцэст дүр нь илүү чухал. Кинонд гарах дүрийг минь л олоод үзчихээсэй гэж боддог. Тэнд миний хөдөлмөр шингэсэн байгаа учраас. Бүтээсэн дүр маань хэн нэгэн хүнд ямарваа нэгэн үр өгөөжтэй байгаасай л гэж боддог. Тиймээс би хэвлэлд байн байн гарч ирээд, хэвлэл мэдээллийн ажилтан шиг байх нь жүжигчин хүний хувьд тохиромж муутай болов уу гэж боддог.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.