Хүн барьцаалсан хэргээр ял эдэлж байсан Энэтхэгийн улстөрч асан Атик Ахмед дүүгийнхээ хамт телевизийн шууд ярилцлагад оролцож байхдаа буудуулж амиа алджээ. Бямба гарагийн шөнө ийн буун дуу гарсны дараа сэтгүүлчийн дүрд хувирсан байсан гурван залуу хурдан бууж өгч, цагдан хоригдсон байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Атик Ахмедын эсрэг хүн барьцаалах, хүний амь бүрэлгэх, луйвар хийсэн зэрэг олон арван хэрэг бүртгэгдсэн. Орон нутгийн шүүхээс түүнийг болон өөр хоёр хүнд энэ оны гуравдугаар сард хүн барьцаалсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон байсан юм.
Шууд бичлэгийн үеэр Ахмед болон түүний дүү Ашраф хоёр гарандаа гавтай, эмчийн үзлэгт орох замдаа сэтгүүлч нарт яриа өгч байхад уг хэрэг болжээ. Тэрбээр 1979 онд анх хүн амины хэрэгт буруутгагдаж байсан ба түүнээс хойш улс төр, гэмт хэрэг аль алинд нь цуутай амьдарч ирсэн нэгэн аж.
SOURCE: BBC