Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын аваргаар “Эрдэнэт Майнерс” баг тодорлоо. Дээд лигт хоёр дахь жилдээ тоглож буй тэд 2022 онд мөнгөн медаль хүртсэн. 2023 онд амжилтаа ахиулж, плэй-оффт нэг ч хожигдолгүйгээр буюу 12:0 гэсэн амжилттайгаар аварга боллоо.
Дөрөв дэх тоглолтод “Эрдэнэт Майнерс”-ын Пендарвис Уиллиамс 23 оноо авч, багаа хожилд хөтөллөө. Мөн багийн ахлагч Т.Санчир 14, О.Энхбаатар 11 оноо авав.
Тоглолтын турш “Эрдэнэс Майнерс” илүүрхсэн. Дөрөвдүгээр үе дуусахад нэг минут дутуу байхад тоглолтын тооны харьцаа 82:81 байв. Тоглолт хаашаа ч эргэж болох эгзэгтэй мөчид Г.Ган-Эрдэнэ довтолгоогоо амжилттай болгосон.
“Тэнүүн-Өлзий Металл” багаараа дөрвөн холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэн, 30.8 хувьтай довтолжээ. Харин “Эрдэнэт Майнерс”-ынхан холын зайн есөн шидэлтээ амжилттай болгосон байна.
Ингэснээр дөрөв дэх тоглолтод “Тэнүүн Өлзий Металл”-ыг 85:82-оор хожлоо. Ингэснээр дээд лигт анх удаа түрүүлэв.
“Эрдэнэт Майнерс” зөвхөн плэй-оффт төдийгүй энэ улиралд тэд илүүрхсэн. Бүрэлдэхүүн ч бусад багаас “зузаан” байлаа. Пендариус Уиллиамс, Т.Санчир, О.Энхбаатараас гадна Г.Баттөр, Э.Дорж-Арилд, Н.Золжаргал, А.Бямбадорж, О.Очирбат, Э.Мөнхбаяр, төрсөн ах, дүүс болох Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ нарын шилдгүүд бий. “Хоёр ч баг бүрдүүлж болохоор бүрэлдэхүүнтэй” гэж тодотгож болохоор. “Эрдэнэт Майнерс”-ынхан хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга “Хасын Хүлэгүүд”-ийг 4:0-ээр хожсон нь хэр ур чадвартай, чансаатай баг бүрдсэнийг нь илтгэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аваргын цом гардуулж, баяр хүргэв.
Энэ жил үндэсний дээд лигээс Д.Дэлгэрням ахлагчтай “Тэнүүн Өлзий Металл” баг мөнгөн медаль хүртлээ.
“Финалын шилдэг хэн болох вэ” гэдэг асуулт олны сонирхлыг ихэд татаж байв. Пендарвис Уиллиамс уу, Тунгалангийн Санчир уу. Өнөө жилийн финалын MVP буюу үнэ тэнцээ тоглогчоор Пендарвис Уиллиамс тодорлоо.
Аваргууд ингэж ярьж байна.
Пендарвис Уиллиамс “Монголын лиг үнэхээр гайхалтай. Энэ гайхалтай түрүүлж, MVP болсондоо баяртай байна. Би сагсан бөмбөгт хайртай. Талбай дээр гараад би дуртай, хайртай юмаа л хийдэг. Олон оноо авахаас илүү би зүгээр л хийх ёстой юмаа хийдэг. Манай багт юу хэрэгтэй байна гэдгийг л боддог. “Эрдэнэт Майнерс”-ын залуу гайхалтай. Бүгдээрээ шилдэг.
Гэр бүлээ, хүүхдээ их санаж байна. Хүүхэд минь нялх. Бүх Оддын тоглолтын дараа долоохон хоног оччихоод ирсэн. Одоо бушуухан л гэртээ, хүүхэд дээрээ очихыг хүсэж байна” гэлээ.
Т.Санчир “Үндэсний дээд лигт түрүүлсэндээ маш их баяртай байна. Үнэхээр сайхан мөч. Бид бүхэн багаараа үнэхээр сайн байлаа. “Эрдэнэт Майнерс” багийн эзэд, арын алба, дасгалжуулагчийн баг, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Би энэ жил зургаа дахь удаагаа улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодорсон. Дээд лигийн 2011, 2014, 2017, 2018, 2023 оны улирлын үнэ цэнтэй тоглогч. Мөн Үндэсний супер лигийн улирлын MVP. Аварга болоод ээжийгээ их үгүйллээ. Энэхүү аваргын цомоо тэнгэрт байгаа ээждээ зориулъя” гэв.
О.Энхбаатар “Түрүүлсэндээ одоо ч итгэж чадахгүй байна. Үнэхээр их баярлаж байна. Frankias Vasileios дасгалжуулагчийн эхний бэлтгэлээс л би шоконд орсон. “Хөөх” гэмээр байсан. Дасгалжуулагчаасаа, багийнхнаасаа их зүйл сурсан. Ямар ч байсан багаараа шилдэг байлаа, түрүүлж чадлаа. Баяртай байна” гэлээ.